ИХ БРИТАНИ ДАХЬ ХЯТАД ХЭЛНИЙ СУРГУУЛИУД ХКН-ЫН ҮЗЭЛ СУРТЛЫГ СУРТАЛЧИЛЖ БАЙНА
Их Британид үйл ажиллагаа явуулдаг хятад хэлний сургуулиудын олон мянган хүүхэд Хятадын Коммунист намын байр суурь, үзэл сурталтай холбоотой үйл ажиллагаанд өртсөн байж болзошгүй талаар UK-China Transparency байгууллага мэдээлжээ. Их Британийн Хятад боловсролыг дэмжих холбооны (APCE) тэргүүн Син Хун Нг улс төрийн боловсрол, соёлын хөтөлбөрүүдийг зохион байгуулсан бөгөөд тэрээр Хятадын Коммунист намын гадаад дахь нөлөөллийн ажиллагааг хэрэгжүүлдэг Нэгдсэн фронтын ажлын хэлтэстэй холбоотой байгууллагуудтай олон жилийн харилцаатай байсан аж. APCE 2021 онд Хятадын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан арга хэмжээ зохион байгуулж, хүүхдүүдийг намыг магтан дуулсан урлагийн үзүүлбэр, уран бүтээлийн хөтөлбөрт оролцуулсан, 2019 онд Хонконгийн ардчиллын төлөөх жагсаалын үеэр Бээжингийн байр суурийг дэмжсэн Ньюкасл хотын жагсаалд хүүхдүүд оролцсон байж болзошгүй гэжээ.
MI5 өмнө нь ХКН-ын Нэгдсэн фронтын ажлын хэлтэс Их Британийн улс төрд далд нөлөөлөх, парламентын гишүүд болон нөлөө бүхий хүмүүстэй холбоо тогтоохыг оролдож байна гэж анхааруулж байсан.


