Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгой төслөөс монголчуудын хүртэх өгөөжийг өсгөх ёстой
Монгол Ардын Намын дарга Н.Учрал Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилогдсны хувьд Оюутолгой төслөөс монголчуудын хүртэх өгөөжийг өсгөх нь тэргүүн зэргийн зорилт юм. Тэрээр хөрөнгө оруулагч тал Рио Тинто компанитай яриа хэлэлцээрийг амжилттай өрнүүлж ахиц гаргаж чадах эсэхийг монголчууд анхааралтай харж, хүлээж байна.
Өмнөх Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгой төсөл дээр хатуу байр суурь баримталж байсан нь ажлаа өгөхөд хүргэсэн шахалтыг үүсгэсэн гэж ажиглагчид дүгнэсэн. Г.Занданшатарын талаас ч Монгол Улсын эрх ашгийг хангуулахын төлөө тууштай байснаас Рио Тинто улс төрд нөлөөлж, түүнийг огцруулсан гэж ойлгогдохоор “мессеж”-ийг хэвлэлээр тарааж байлаа.
Эндээс:
- Үнэхээр Г.Занданшатарын Засгийн газар Оюутолгой төсөлтэй холбогдох яриа хэлэлцээнд ахиц гаргаж чадсан уу?
- Н.Учралыг Ерөнхий сайд болгох нь Рио Тинтогийн улс төрийн захиалга байсан нь үнэн үү?
гэх асуултууд яалт ч үгүй урган гарна. Хамтдаа магадлая.
2011 оны Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр Рио Тинто компаниас олгосон зээлийн хүүг 7 жил тутамд эргэн харж, шинээр хэлэлцэхээр заасан. 2025 онд хэлэлцээг ахин харах хугацаа болсон. Анх 6.5% + Лондонгийн банк хоорондын суурь хүү буюу LIBOR (одоо SOFR)-тай тэнцүү гэж тохирсон зээлийн хүү сүүлийн жилүүдэд өссөөр 10 хувиас давсан нь Оюутолгой ХХК-ийн өрийг дарамтад оруулж, ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлөх болжээ. Гэрээнд зээлийн хүүг улирал тутамд тооцохоор тусгасан нь хүүгээс хүү бодох нарийн заль мэх байв. Үр дүнд нь Рио Тинтогоос олгосон зээлийн хэмжээ 6 тэрбум гаруй ам.доллар атал хуримтлагдсан зээлийн хүү нь 6.4 тэрбум ам.доллар хүрчээ. Хүү нь үндсэн зээлээсээ даваад явчихсан нь зайлшгүй өөрчлөх, шинэчлэх шаардлага байгааг харуулж байгаа юм. Сонсгол дээр зарим хүний хэлсэнчлэн Рио Тинто уул уурхайн компани биш, зээлийн хүүгээр ашиг олдог санхүүгийн компани болж хувирчээ гээд байгаагийн цаад учир энэ! Үндсэн зээлээсээ нугарсан хүү гэдэг бол ямар ч банкны атаархах хэмжээний үлэмж ашиг шүү.
Тэгэхээр 2025 онд Засгийн газар Рио Тинто компанитай хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээг хийх нь үндэсний эрх ашиг болсон. Засгийн газар зээлийн хүүг бууруулах талаар хэлэлцэж байна, ахицтай байна гэж удаа дараа мэдэгдэж байсан ч ямар ч бодит үр дүн гарсангүй. Хоосон хэвлэлийн мэдээ л үлдлээ.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдалын санаачилгаар 2025 оны 12 дугаар сард явагдсан нээлттэй сонсголын үеэр Рио Тинто компаниас олгосон зээл, хуримтлагдсан хүү нь монголчуудын хүртэх үр өгөөжийг хэрхэн хойшлуулж, сөргөөр нөлөөлж байгаа болон Рио Тинто компани үнэ шилжилт гэх мэт заль мэхээр хэрхэн өөртөө ашиг шилжүүлэн авч, Оюутолгой төслийг “өрийн тулам” болгон хувиргаж байгаа талаар иргэд бодитой мэдээлэл авч чадсан. Нээлттэй сонсголыг УИХ-ын Түр хороо зохион байгуулаагүй бол иргэд ойлголтгүй байсаар 2025 он талаар өнгөрөх байлаа.
Нээлттэй сонсгол дээр Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн асан Э.Баясгалан Рио Тинто компани санхүүгийн мөлжлөгийг ямар нарийн аргаар хийдгийг маш ойлгомжтой, ил тодоор харуулснаар өрийн асуудал олны анхааралд өртсөн билээ. Хачирхалтай нь иргэдэд ойлгомжтой, бодитой мэдээлэл өгч, “шүгэл үлээсэн” Э.Баясгаланг Г.Занданшатар 2025 оны 10 дугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Энэ үйлдэл нь Г.Занданшатар Рио Тинтотой үнэхээр тулж байна уу гэдэгт эргэлзэх сэжүүрийг гаргаж байгаа юм. Учир нь Э.Баясгаланг чөлөөл гэх шаардлагыг Рио Тинто компаниас удаа дараа тавьж, ил далд лобби явуулдаг байсан. Гэвч өмнөх Засгийн газрууд монголын эрх ашиг гэж үзээд үл хэрэгсдэг баййв. Гэтэл Г.Занданшатар Ерөнхий сайд болмогц 2025 оны 6 дугаар сард Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Шон Хинтоны гарын үсэгтэй албан бичиг өгсөн. Тэд “Э.Баясгалан нь олон нийтэд Оюутолгой ХХК-ийн талаар мэдээллийг зөвшөөрөлгүй задруулсан, ярилцлага өгсөн” гэх үндэслэлээр ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлүүлэхийг шаардсан. Г.Занданшатар монголын эрхи ашгийг умартан Шон Хинтоны хүсэлтийг ёсоор болгон Э.Баясгаланг ажлаас нь чөлөөлсөн юм. Улмаар Засгийн газрын ажлын хэсгээс ч Э.Баясгаланг гаргасан. Ингэснээр Рио Тинтотой мэдээлэлтэй, туршлага мэдлэгтэйгээр яриа хэлэлцээ явуулах чадвараа Монголын тал зориудаар алдсан билээ. Рио Тинтотой хатуу тэмцсэн гэх Г.Занданшатарын сурталчилгаа бодит байдалтай ийнхүү зөрчилдөж байна.
Ерөнхий сайд Н.Учрал ч Оюутолгой төсөлтэй холбоотой хэлэлцээрт бодитой үр дүн гаргаж чадах эсэх нь асуултын тэмдэгтэй байна. 2021 онд Улсын Их Хурлаас гаргасан “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” 103 дугаар тогтоол, “Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2025 оны 120 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хойшлуулшгүй үүргийг албан тушаалаараа ч, намын даргын хувиар ч хүлээж авсан. Харин үүргээ биелүүлж чадах болов уу?! Г.Занданшатарын адил байвал чадахгүй нь тодорхой.
Улсын Их Хурлаас гаргасан шийдвэрүүд:
- Оюутолгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, усны хэрэглээ, байгаль орчны асуудал, Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтэд хөндлөнгийн аудит хийлгэх;
- Дубайн гэрээ буюу Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө цуцлаж, хүчингүй болгох;
- Оюутолгой ХХК-д ногдуулсан татварын актуудын биелэлтийг хангуулах;
- Онтре компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрөлтэй талбайг ашиглахад Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох санал боловсруулах;
- 2011 онд байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээний хэрэгжилтийг дүгнэж, Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэх, хувь нийлүүлэгчийн зээлийн хүүгийн хувь, хэмжээг бодитойгоор бууруулах;
- Оюутолгой төслөөс Монголын талын хүртэх өгөөжийг 53 хувиас багагүй байх нөхцөлийг баталгаажуулан холбогдох гэрээнд тусгах;
- Оюутолгой ХХК-ийн экспортыг орлогыг Монгол Улсын төв банк болон арилжааны бакуудаар бүрэн дамжуулдаг болгох
Н.Учралын Засгийн газар УИХ-ын шийдвэр, даалгаврыг биелүүлж чадах эсэхийг олон бүгдээр харах үлджээ. Чадвал МАН ирэх сонгуульд дэмжлэг авна, эс чадвал сонгогчид тэднийг УИХ-ын танхимын гадна үлдээх болно.
“Чадах, эс чадах” түүхэн асуулт Н.Учралыг ээрч байна.





