Нийслэл Их Британийн ерөнхий сайд асан Тони Блэйрийн хүүгийн старт-ап компанитай 1.7 сая ам.долларын гэрээ байгуулжээ

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай нар 2025 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан Тони Блэйрийн хүү Ник Блэйрийн үүсгэн байгуулсан, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар нь ажилладаг Скайрэл (Skyral) компанитай 5 сарын хугацаатай, 1.7 сая ам.долларын төсөвтэй туршилтын гэрээг байгуулжээ. Гэрээний зорилго нь Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад Скайрэл компанийн хиймэл оюунд суурилсан технологийг ашиглах гэжээ. 5 сарын хугацаатай туршилтын гэрээг 3 жилийн хугацаагаар сунгах нөхцөлтэй бөгөөд 2025 оны 7 дугаар сард байгуулсан гэрээний хэрэгжилт хэрхсэн нь одоогоор тодорхойгүй байна.

Скайрэл компанийн албан ёсны вэб хуудсанд дурдсанаар тус компани Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийтийн тээвэр, авто замын сүлжээг оновчтой болгох загварчлал, симуляци боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр тохиролцжээ. Түүнчлэн, Улаанбаатар хотын 1.8 сая оршин суугчийн зорчих хөдөлгөөн, сургууль-ажлын маршрут, амралтын цагаа хэрхэн өнгөрүүлдэг, худалдаа, үйлчилгээний байршил, хөдөлгөөн зэрэг дата мэдээлэлд дүн шинжилгээ хийж авто замын түгжрэл үүсэж буй нөхцөл байдлыг тогтооход хиймэл оюуны дэмжлэгтэй дижитал твин технологийг ашиглах талаар дурджээ. Тус компанийн хувьд энэхүү технологийн шийдлийг ашиглахаар зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан анхны хот нь Нийслэл Улаанбаатар хот болохыг онцолсон байна.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын компанийн бүртгэлийн нээлттэй мэдээллийн сангаас хайлт хийж үзэхэд Скайрэл Групп Лимитед болон түүний охин компани болох Скайрэл Дэфэнс Лимитед компаниуд бүртгэлтэй байна. Эдгээр компаниудыг 2023 оны 6 дугаар сард үүсгэн байгуулсан байх бөгөөд аль аль компанийн хувьд батлан хамгаалахын салбарт үйл ажиллагаа эрхлэхээр бүртгүүлжээ. Түүнчлэн, Тони Блэйрийн хүү Ник Блэйр үүсгэн байгуулагдсан өдрөөс эхлэн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, дарга буюу удирдлагын бүрэлдэхүүнд бүртгэгджээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын шилэн дансанд Скайрэл гэх компанид төлбөр шилжүүлсэн баримт байхгүй байх бөгөөд холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалт зарлаж Скайрэл компанийг сонгосон эсэх нь тодорхойгүй байна.

Батлах хамгаалахын салбарт түлхүү үйл ажиллагаа эрхэлдэг компанитай Нийслэл Улаанбаатар хот ямар шугамаар холбогдож, гэрээ байгуулсан нь тодорхойгүй байна. Түүнчлэн, нийслэлийн төсвөөс 6 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан Скайрэл компанид өгсөн дата, мэдээллийн аюулгүй байдал ч анхаарах шаардлагатай асуудал юм.

Холбоотой