“AMADEA” ЗАВИЙН ХЭРГИЙГ С.БАТБОЛДЫН ӨМГӨӨЛӨГЧИД АВЛИГЫН МАРГААНД ЖИШИГ БОЛГОН АШИГЛАЖ БАЙНА

@bbc
АНУ-д хураан авч, шүүхийн шийдвэрээр худалдсан “Амадея” тансаг дарвуулт завийн хэрэг Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболдтой холбоотой авлигын маргаанд хөндөгдөж эхэлжээ. Түүний өмгөөлөгчид уг хэргийн шүүхийн шийдвэрүүдийг С.Батболд өөрийн нэр хүндээ хамгаалан шүүх ажиллагаанд оролцох эрхтэйг нотлох жишиг гэж үзэж байна. АНУ-ын Хууль зүйн яам 2024 онд Нью-Йорк хот дахь хоёр тансаг орон сууцыг улсын орлого болгох нэхэмжлэлийг Нью-Йоркийн Зүүн дүүргийн холбооны шүүхэд гаргасан. Тус орон сууцуудыг зэсийн уурхайн гэрээнүүдтэй холбоотой авлигын орлогоор худалдан авсан байж болзошгүй бөгөөд С.Батболд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тэдгээрийг ашиглан үр шим хүртсэн гэж нэхэмжлэлд дурджээ. С.Батболдын өмгөөлөгчид түүнийг хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргаж, авлигын талаарх үндэслэлгүй гэж үзэж буй мэдэгдлүүдтэй шүүхээр маргах боломж олгохыг шаарджээ. Өмгөөлөгчид С.Батболд орон сууцны өмчлөгч биш боловч уг нэхэмжлэлээс үүдэн улс төрийн, хувийн болон нэр хүндийн бодит хохирол амссан гэж тайлбарласан байна (2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжгүй болсон нь улс төрийн хохирлын нэг хэлбэр гэжээ). АНУ-ын Хууль зүйн яам уг тайлбарыг няцаасан байна: С.Батболд орон сууцнуудыг эзэмшдэггүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул санал гаргах эрхгүй гэжээ. Мөн Хууль зүйн яам орон сууцыг хураах ажиллагаа нь С.Батболдын нэр хүнд, улс төрийн замналд учирсан гэх хохирлын шууд шалтгаан биш хэмээн мэдэгдсэн байна. Иймээс “Амадея”-гийн хэргийг ашигласан үндэслэл нь түүний байр суурийг бэхжүүлэхээс илүү сулруулж байна гэж үзжээ.





