АМАЗОН–РИО ТИНТОГИЙН ХЭЛЭЛЦЭЭР БА “ЗЭСИЙН ШИНЭ ЭРИН”
Технологийн компаниуд “хиймэл оюун”-ы өгөгдлийн төвүүдээ шаардагдах түүхий эдийн гинжин хэлхээг урьдчилан баталгаажуулахыг эрчимжүүлж буйг 2026 оны 1 дүгээр сард Amazon Web Services АНУ-ын Аризона муж дахь Жонсон Кэмп (Johnson Camp) уурхайгаас гарч буй катодын зэсийг худалдан авахаар Рио Тинтотой хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан явдал харууллаа. Рио Тинто энэхүү уурхайгаа өөрийн тэлж буй зэсийн бизнесийн нэгэн тулгуур хэмээн үзэх болсон.
Рио Тонто-той энэхүү “гэрээ байгууллаа” гэдэг нь AWS-ийн зэсийн хэрэгцээгээ бүрэн хангагдана гэсэн үг биш юм: Жонсон Кэмпийн Nuton төслмйн хүрээнд Рио Тинто дөрвөн жилийн хугацаанд нийт 14 мянган тонн катод үйлдвэрлэх нь нэг том өгөгдлийн төвд ч хүрэлцэхгүй. Иймд хэлэлцээрийн бодит үнэ цэнэ нь “тоо хэмжээ” гэхээс илүү “шинэ нийлүүлэлтийн эх үүсвэрийг эрт холбож, эрсдэлийг багасгах” стратегийн дохио болж байгаа юм.
Рио Тинто 2025 оны сүүлээр Жонсон Кэмп дээр Nuton-оор “анхны зэс”-ийг үйлдвэрлэснээ зарласан технологи нь өмнө нь эдийн засгийн хувьд боловсруулж ашиглахад хэт өндөр өртөгтэйд тооцогдож байсан бага агуулгатай хүдрийг овоолон уусгах (bioleaching/heap leaching) зарчмаар боловсруулж, уламжлалт бутлах–нунтаглах, хайлуулах зэрэг эрчим хүч, логистикийн дарамттай үе шатыг хэсэгчлэн тойрох боломжтой.
Рио Тинтогийн зэсийн бизнесийн хоёр дахь, илүү нөлөө бүхий тулгуур нь Оюу Толгой юм. Рио Тинто-ийн мэдээлснээр Оюу Толгой жилийн 500 мянган тонн зэсийн үйлдвэрлэлийн түвшинд хүрэх зорилтыг хэрэгжүүлж байгаа. Оюу Толгойн ач холбогдол нь зөвхөн олборлох хэмжээнд бус, урт хугацаанд тогтвортой нийлүүлэлт хийх чадавхад оршино. Дата төв, цахилгаанжуулалт, сүлжээний шинэчлэл зэрэг эрэлт өсгөж буй салбарууд нь зөвхөн их хэмжээний металлаас гадна нийлүүлэлтийн найдвартай байдал, стандартын мөрдөлт, нөөцийн менежмент, ил тод байдлыг улам өндөр түвшинд шаардах болсон.
Гурав дахь тулгуур нь мөн Аризона мужид байрлах Resolution Copper төсөл юм. Энэ нь АНУ-ын “Copper Triangle” бүсэд төлөвлөгдөж буй газрын гүнд олборлох томоохон орд бөгөөд Рио Тинто үүнийг АНУ дахь ирээдүйн стратегийн үйлдвэрлэлийн боломж гэж тодорхойлдог. Resolution нь Nuton шиг ойрын хугацаанд олборлолт эхлэх боломжгүй ч дунд–урт хугацаанд АНУ-ын дотоодын томоохон нийлүүлэлтийн суурь болох боломжтой “урт мөчлөгтэй” хөрөнгө оруулалт юм.
Рио Тинто-ийн эдгээр гурван тулгуур нэг асуудал дээр огтлолцож байна: дэлхий даяар зэсийн эрэлт дунд хугацаанд бүтцийн шинжтэйгээр өсөх хандлага. Зэсийн хэрэгцээ өсөхөд нөлөөлж буй хүчин зүйлсийг дурьдвал:
· Нэгдүгээрт, хиймэл оюун ба үүлэн тооцооллын тэлэлт нь өгөгдлийн төвийн барилгажилт, эрчим хүчний тоноглол, найдвартай байдлын нөөц систем, дотоод холболтын цар хүрээг огцом нэмэгдүүлж байна.
· Хоёрдугаарт, цахилгаан эрчим хүчний сүлжээний шинэчлэл—дамжуулах чадвар нэмэгдүүлэх, дэд станцын хөрөнгө оруулалт, алдагдал бууруулах—нь зэсийн хэрэглээг тогтвортой нэмэгдүүлдэг.
· Гуравдугаарт, цахилгаан автомашин болон сэргээгдэх эрчим хүчний суурилуулалт өсөхийн хэрээр цахилгаан дамжуулах, хувиргах тоноглолын металлын хэрэгцээ тэлж байна.
Зэсийн нийлүүлэлтийн суурь хязгаарлалт нь хугацаа юм. Шинэ уурхайг нээж үйлдвэрлэлд хүргэх мөчлөг олон арван жил үргэлжилдэг тул эрэлт богино хугацаанд өсөхөд нийлүүлэлт түүнтэй зэрэгцэн нэмэгдэхэд хүндрэлтэй, бараг л боломжгүй. Ийм нөхцөлд Nuton шиг технологи нь “хуучин уурхайд үлдсэн бага агуулгатай хүдэр”-ийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар шинэ төслийн хугацааны дарамтыг хэсэгчлэн бууруулах боломж гэж хэрэгдаж байгаа хэдий ч бодит нийлүүлэлтийн өсөлт нь Оюу Толгой шиг ордын үйлдвэрлэлийн өсөлт, мөн Resolution зэрэг том төслүүдийн зөвшөөрөл–хөрөнгө оруулалтын мөчлөг амжилттай ахих эсэхээс ихээхэн хамаарна.
Amazon–Рио Тинтогийн хоёр жилийн зэсийн хэлэлцээр нь нэг уурхайн бага хэмжээний нийлүүлэлтээс давсан стратегийн мэдэгдэл юм:
· Технологийн компаниуд материалын гинжин хэлхээг “бүтээгдэхүүн–түүхий эд” түвшинд урьдчилан баталгаажуулж эхэлж байна;
· уул уурхайн компаниуд шинээр ашиглаж болох уурхай, үйлдвэрлэл ховордсон нөхцөлд бага агуулгатай хүдрийг эдийн засгийн эргэлтэд оруулах технологийн шийдлийг түргэтгэж байна;
· Монгол дахь Оюу Толгой, Аризона дахь Resolution зэрэг урт мөчлөгтэй төслүүд ирэх арван жилд дэлхийн зэсийн нийлүүлэлтийн бүтэц, үнийн хэлбэлзэл, эрсдэлийн удирдлагын зураглалыг тодорхойлох гол зангилаа болж байна.
Л.Золбаатар





