“ЗЭСНИЙ ЭРИН” БА АРИУН ГАЗРЫН ҮНЭ ЦЭНЭ
Oak Flat–ийн Апачи нар, Juukan Gorge–ийн сургамж, Оюу толгой ба Rio Tinto-ийн хариуцлагын сорилт
Аризонагийн уулархаг өндөрлөгт орших Oak Flat (апачи нэршлээр Chi’chil Biłdagoteel) бол нэгэн зэрэг хоёр өөр үнэ цэнийг нэг дор агуулсан орон зай юм. Газрын гүнд нь 20 сая тонн орчим зэсийн нөөц, өнөөгийн ханшаар 200 тэрбум ам.долларын үнэлгээтэй баялаг байгаа бол газрын дээр нь Сан Карлосын апачи нарын хувьд дэлхий үүсэн бий болсон, шашин шүтлэг, домог түүхээ бодитоор дахин бүтээдэг цорын ганц ариун орчин оршдог.
Гэвч ийнхүү үе дамжин хадгалагдсан орон зайг ухаж олборлох Resolution Copper төслийг Rio Tinto, BHP-ийн хамтарсан компани улайран зүтгүүлж байгаа нь зөвхөн энэ орон нутгийн маргаан бус, дэлхийн уул уурхайн салбар, “ногоон шилжилт”, уугуул иргэдийн эрхийн зөрчилдсөн том дүр зургийн нэг хэсэг болоод байна.
Juukan Gorge: нэгэнт болсон, нөхөж баршгүй алдагдал
2020 онд Баруун Австралид орших Juukan Gorge–ийн 46 мянган жилийн настай хадны агуйнуудыг Rio Tinto тэсэлж, Puutu Kunti Kurrama болон Pinikura овгийн соёлын өвийг нэг мөсөн сүйтгэсэн нь дэлхий даяар дуулиан тарьсан. Хууль зүйн хувьд лиценз, зөвшөөрөл “зөв” байсан ч археологийн шинэ олдвор, соёлын ач холбогдлыг Рио Тинто дотооддоо мэдэж байсан хэдий ч эдийн засгийн өгөөжийг урдаа тавьж шийдвэрээ өөрчлөөгүй. Соёлын өвийг сөнөөсний дараа Рио Тинто-ийн гүйцэтгэх удирдлагууд огцорч, дотоод бодлого, журамд өөочлөлт хийсэн ч тэсэлсэн агуйнууд, устсан соёлын орон зай эргэж ирээгүй.
Juukan Gorge, www.abc.net.au
Juukan Gorge–ийн явдал нь Rio Tinto гэхээс илүүтэй “ашигтай л бол, хууль зүйн шугам дотор байвал болно” гэсэн салбарын сэтгэлгээ хэр хор уршигтай, уугуул иргэдийн хувьд үе дамжсан, нөхөж баршгүй хохирол учруулдагийн тод жишээ, сургамж болсон.
Oak Flat: Juukan–ы дараагийн сорилт
Oak Flat–ийн хувьд нөхцөл байдал өөр атлаа бүтэц нь төстэй (Зэсийн асар их нөөц – АНУ-ын дотоод хэрэглээний 25 хувийг 40 жил хангах боломжтой хэдий ч уурхай ашиглалт эхэлбэл газрын гадарга 3-4 км өргөн, 300 орчим метрийн гүн суулт үүсэх эрсдэлтэй).
Resolution Copper, photo The Arizona Mining Coalition
Апачи Stronghold омог болон байгаль хамгаалагчид Religious Freedom Restoration Act, 1852 оны гэрээ зөрчигдөж байна хэмээн шүүхэд хандсан хэдий ч ихэнх нэхэмжлэл хэлэлцэгдэхээс татгалзсан. Justice Gorsuch “Хэрэв ийм маргаантай нөхцөлд засгийн газар түүхэн сүмийг нураах гэж байгаа бол бид хэргийг авч хэлэлцэх байсан” хэмээн шүүмжилсэн нь уугуул иргэдийн ариун газрын эрх ямар хоёрдогч түвшний хамгаалалттай байгааг онцгой тод харуулсан.
Rio Tinto Oak Flat–ийн уурхай “ариун цэгүүдийн 70 хувьд нь нөлөөлөхгүй, хамтран хамгаална” гэсэн байр сууриа түгээж, соёлын өвийн сан байгуулна гэж амалж байгаа хэдий ч Juukan Gorge–ийн түүх “амлалт ба анхны шийдвэрийн хоорондын зааг” байсаар байгааг сануулж байна.
Монголын Оюу толгой: өөр газар, ижил сургамж
Rio Tinto-ийн оролцоотой бас нэг том төсөл бол Монголын Оюу толгой. Оюу толгой газар зүй, шүтлэгийн хувьд Oak Flat, Juukan Gorge шиг шууд утгаар аа “ариун газар” биш хэдий ч үндэсний баялаг, ирээдүйн боломж гэсэн утгаар Монголын хувьд мөн л онцгой ач холбогдолтой. Оюу толгойн хувьд Rio Tinto-ийн “зан төлөв” өөр хэлбэрээр илэрдэг. Үүнд:
· хөрөнгө оруулалтын гэрээ, далд уурхайн санхүүжилтийн бүтэц,
· зардлын хэтрэлт, өрийн ачааллын маргаан,
· Монголын авах өгөөжийн хэмжээ, татварын маргаан,
· УИХ, Засгийн газар, олон нийтийн дунд өрнөж буй “гэрээг дахин хэлэлцэх, сайжруулах” шаардлага
гэх мэт асуудлууд багтана.
Juukan, Oak Flat, Оюу толгой: нэг компанийн гурван сорилт
Rio Tinto-ийн хувьд эдгээр гурван төсөл – Juukan Gorge, Oak Flat, Оюу толгой – өөр өөр тив, өөр өөр улс, өөр эрх зүйн орчинд оршиж байгаа ч компанийн соёл, шийдвэр гаргалтын логик нэг ижил хэв маягтай гэдгийг харуулдаг:
· Австралид – хууль ёсны лицензийн хүрээнд, эдийн засгийн өгөөжөө дээдлэхийн тулд 46 мянган жилийн өвийг устгасан.
· АНУ-д – ариун газар гэж үздэг уугуул иргэдийн эрх, шашин шүтлэгийн асуудлыг “ажлын байр, нөөц, татвар”-ын хэллэгээр дарахыг оролдож байна.
· Монголд – гэрээний бүтэц, өрийн ачаалал, өгөөжийн хуваарилалт дээрээ “хөрөнгө оруулагчийн эрх ашиг давамгайлсан” загварыг хамгаалж ирсэн бөгөөд зэсийн үнийн өсөлтийн үед өөртөө илүү ашигтай өсөлтийн зорилтоо нэн тэргүүнд тавьж байна.
Зэсийн үнийн мөчлөг ба гэрээг дахин ярих боломж
Rio Tinto Оюу толгойг зэсийн өсөлт, “energy transition”–ий гол тулгуур төсөл хэмээн зарласан бөгөөд Оюу толгойн олборлолт 2025–2026 онд 50–60 хувиар нэмэгдэж, 2030 он гэхэд Рио Тинтогийн зэсийн жилийн олборлолт 1 сая тонн хүрэх зорилтын гол эх үүсвэр хэмээн тодорхойлж байна.
Өөрөөр хэлбэл, Rio Tinto-ийн ирэх 10–15 жилийн өсөлтийн стратегид Оюу толгой голлох байр эзэлж байгаа. Энэ нь нэг талаас Монголын стратегийн ач холбогдлыг нэмэгдүүлж байгаа ч, нөгөө талаас гэрээний нөхцөлийг Монгол Улсын ашигт илүү нийцүүлэх “цонх” ч болж өгч байна.
Лондоны металл бирж дээр зэсийн үнэ тонн нь 11,600–11,700 ам.долларын түвшинд хүрч шинэ дээд амжилт тогтоож, томоохон банк, хөрөнгө оруулалтын байгууллагууд ирэх жилийн II улиралд зэс 13,000 ам.долларт хүрч болзошгүй гэсэн таамаг дэвшүүлж байна. Зэс:
· цахилгаанжилт, сэргээгдэх эрчим хүч,
· дата төв, хиймэл оюуны дэд бүтэц,
· цахилгаан машин, ухаалаг төхөөрөмжийн суурь металл
Зэсийн энэхүү мөчлөгийн үед Rio Tinto:
· зэсийн урт хугацааны өсөлтдөө түшиглэж, ашгаа 2030 он гэхэд 40–50 хувиар нэмэгдүүлнэ,
· зэсийн олборлолтоо 20 орчим хувиар өсгөнө,
· зарим “non-core” бизнесээ (бор, титанийн бүлэг) зарж, нөөцөө зэс, төмрийн хүдэр, хөнгөн цагаан, литид төвлөрүүлэхээр зарлаж байна.
Эндээс Монголын хувьд нэг чухал дүгнэлт гарна: Зэсийн үнэ өндөр, Оюу толгойн олборлолт эрчимтэй өсөж байгаа, цаашид нэмэгдэх төлөвтэй энэ үед Монгол Улсын Засгийн газар, УИХ-д Оюу тогойн Хөрөнгө орууллатын гэрээний нөхцөлийг Монголын талд илүү ашигтай байдлаар сайжруулах, хөрөнгө оруулалтын эрсдэл-өгөөжийн харьцааг тэнцвэржүүлэх бодит цонх нээгдэж байна. Энэ нь зөвхөн “илүү их ноогдол ашиг” ярихаас гадна:
· орон нутаг, байгаль орчны хамгаалалт, усны хэрэглээ, нөхөн сэргээлтийн стандарт,
· татвар, роялти, дамжин өнгөрөх ашиг хуваарилалт,
· мэргэжилтэй ажиллах хүч бэлтгэх, дотоодын ханган нийлүүлэгчдийг дэмжих бодлого
зэргийн түвшинд илүү системийн шинэчлэл хийх тухай асуудал юм.
Juukan Gorge–ийн агуй дахин босохгүй, Oak Flat–ийн газар нутаг, ёслолын орчин уурхайн хонхорт шингэвэл эргэж ирэхгүй. Оюу толгой дээр ч мөн газар нутгийн ус, экосистем, нийгмийн бүтцэд үүсэх урт хугацааны нөлөөллийг эргүүлж засах боломж мөн хязгаартай.
Монголын УИХ, Засгийн газар, олон нийт, эрдэмтэн судлаачид Rio Tinto–той хийх яриа хэлэлцээг:
· зөвхөн “зэсийн үнэ өндөр байгааг ашиглан хувиа жаахан нэмж авах хэлцэл” гэж ойлгох бус,
· Juukan, Oak Flat–ийн сургамжийг бодитоор харгалзсан,
· байгаль орчин, орон нутаг, ирээдүйн үеийн эрхийн ёс суртахууны шугам хаана байх ёстойг тодорхойлсон стратегийн түвшний хэлэлцэлийг хийх шаардлагатай.
Эс бөгөөс “ногоон шилжилт”-ийн нэрийн дор өнгөрсөн зуунд нүүрс, газрын тосны салбарт гарсан колоничлол, шударга бус ашиглалтын шинэ хувилбар Монголын нутаг дээр, Монголын баялгаар, Монголын иргэдийн ирээдүйн үнээр давтагдах эрсдэлтэй хэвээр байна.
Л.Золбаатар





