СОЁЛЫН ӨВ БА УУЛ УУРХАЙ: РИО ТИНТО КОМПАНИЙН ОЛОН УЛСЫН ТУРШЛАГААС МОНГОЛ СУРГАМЖ АВАХ УУ?

УУЛ УУРХАЙ

Өдгөө дэлхийн уул уурхайн салбарын томоохон тоглогчдын нэг Рио Тинто компани АНУ-ын Аризона муж дахь уугуул Апачи овгийн ариун газар нутгийн нэг Oak Flat хэмээх бүсэд  Resolution зэсийн уурхай байгуулахаар төлөвлөж буй нь нутгийн уугуул иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байна. Chi’chil Bildagoteel хэмээн нэрлэгдэх энэ газар нь зуун зууны турш шашин, соёлын зан үйлийн чухал төв байсаар ирсэн бөгөөд уг төсөл хэрэгжвэл тус бүс нутаг 3.2 км өргөн, 340 метр гүн нуранги болон хувирна гэж холбогдох албаныхан анхааруулж байна.

Энэ нь Рио Тинто компанийн соёлын өвд хандах хандлагыг дахин эргэн харахад хүргэж буй. 2020 онд тус компани Австралийн Пилбарад орших уугуул Жукан Горжийн 46,000 жилийн настай агуйг дэлбэлж, хүн төрөлхтний дахин сэргээж үл чадах соёлын өвийг сүйтгэсэн нь олон улсын шүүмжлэлд өртөж, компанийн удирдлагууд огцрох хүртэл хариуцлага хүлээж байв.

Ийм нөхцөл байдалд Монгол Улс Рио Тинто компанийн хэрэгжүүлж буй Оюу Толгойн зэсийн уурхайн үйл ажиллагаанд онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Тус орд нь Монголын эдийн засгийн томоохон хөшүүрэг хэдий ч байгаль орчны нөлөөлөл, усны нөөцийн багтаамж, газар доорх тогтоцод үзүүлэх нөлөө, мөн Говийн түүх, соёлын дурсгалт газруудтай хэрхэн харьцах асуудал нь ил тод, хариуцлагатай байж чадах эсэх нь нийгмийн итгэлийг тодорхойлно.

Төр, иргэд, мэргэжлийн байгууллагууд олон улсын ижил төстэй кейсүүдээс сургамж авч, Оюу Толгойн төслийн хүрээнд соёлын болон байгаль орчны үнэт зүйлсийг хамгаалах, нөхөн сэргээх баталгаат механизмыг эрх зүйн болон бодлогын түвшинд бүрэн хэрэгжүүлэх нь зайлшгүй чухал юм.

Монгол Улс нэгэнт дэлхийн уул уурхайн сүлжээнд холбогдсон улс болсон тул гадаадын хөрөнгө оруулагчдын олон улсын үйл ажиллагааны хариуцлага, түүхэн алдааг харгалзан үзэж, урьдчилан сэргийлэх бодлого баримтлах шаардлага урьдынхаас илүүтэй тулгарч байна.

Холбоотой