ОУВС: МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ӨСӨЛТТЭЙ Ч ЭМЗЭГ БАЙДАЛ ӨНДӨР ХЭВЭЭР БАЙНА
ОУВС-ийн ажлын хэсэг 2026 оны 6-р сарын 10–23-нд Улаанбаатар хотноо Монгол Улстай хийх IV заалтын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, урьдчилсан дүгнэлтээ танилцууллаа:
• Монголын эдийн засаг 2025 онд хөдөө аж ахуйн сэргэлт, уул уурхайн тогтвортой өсөлт, ялангуяа зэсийн үйлдвэрлэлийн идэвхжилээр дэмжигдэн өссөн байна.
• 2026 оны эхэнд ч уул уурхайн салбар экспорт, эдийн засгийн өсөлтийг голлон дэмжжээ.
•
Үнийн өсөлт 2026 оны 5-р сард хүнс, шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан 11.2 хувьд хүрч нэмэгдсэн байна.
• ОУВС 2026 онд Монгол Улсын ДНБ-ий өсөлт 5.8 хувь, инфляц 10 хувьтай байна гэж төсөөлжээ.
• Валютын ханш 2025 оны дөрөвдүгээр сараас харьцангуй тогтвортой байсан бөгөөд гадаад валютын албан нөөц 6-р сарын эхээр 7.4 тэрбум ам.долларт хүрсэн ч ОУВС-гийн зохистой нөөцийн үнэлгээний түвшнээс доогуур хэвээр байна.
• Төсвийн сахилга батыг хадгалах нь нэн чухал бөгөөд багш, эмнэлгийн ажилтнуудын цалингийн нэмэгдлийг бүрэн тусгасан тодотголын төсөв өргөн барих, уул уурхайн бус татварыг бууруулахгүй байх, урсгал зардлыг цаашид нэмэгдүүлэхээс зайлсхийхийг зөвлөжээ.
• Татварын урамшууллыг цэгцлэх, татвар, гаалийн удирдлагыг сайжруулах, нийгмийн зардлыг илүү оновчтой чиглүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.
• Монголбанк инфляцын хүлээлт алдагдах, хоёрдогч нөлөө үүсэх эрсдэл нэмэгдвэл мөнгөний бодлогоо чангаруулахад бэлэн байх ёстой. Түүнчлэн валютын ханшийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх, Монголбанкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах, ипотекийн хөнгөлөлттэй хөтөлбөрийн санхүүжилтийг төсөвт ил тод тусгах шаардлагатай гэж зөвлөжээ.
• Монгол Улсын эдийн засгийн гол эрсдэл нь төсвийн дарамт, нүүрсний үнэ болон БНХАУ-ын эрэлттэй холбоотой тодорхойгүй байдал, геополитикийн хурцадмал байдал, ОХУ-Украины дайн, Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс үүдэлтэй гадаад шок хэвээр байна.
• Бизнесийн орчныг сайжруулах, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, засаглал, авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх, төрийн өмчит компани, ашигт малтмал, дампуурлын болон шүгэл үлээгчийн эрх зүйн шинэчлэлийг урагшлуулах нь тогтвортой, хүртээмжтэй өсөлтийн үндсэн нөхцөл гэж онцолсон байна.





