ХЯТАДЫН ХИЙМЭЛ ОЮУН УХААН АФРИКТ БАЙР СУУРИА ТЭЛЖ БАЙНА
Хятадын технологийн компаниуд Африкийн хиймэл оюун ухааны экосистемд, ялангуяа нээлттэй эхийн загваруудыг түгээн дэлгэрүүлэх замаар улам чухал үүрэг гүйцэтгэж байна гэж The China Daily мэдээлэв.
Шинжээчдийн үзэж буйгаар нээлттэй эхийн хиймэл оюун ухаан нь хөгжиж буй зах зээлүүдэд технологи нэвтрүүлэх босгыг бууруулж, дэвшилтэт дижитал хэрэгслийг илүү хүртээмжтэй болгож байна. Ийм загваруудыг хөгжүүлэгчид болон бизнесүүд татаж авч, дотооддоо байршуулан ашиглах, өөрийн өгөгдлөөр сургах, салбарын хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөх боломжтой. Alibaba, Baidu, ByteDance зэрэг Хятадын компаниуд нээлттэй эхийн том хэлний загваруудыг гаргаж, олон улсын хөгжүүлэгчдийн анхаарлыг татаж байна. Африкт зарим хөгжүүлэгчид Хятадын нээлттэй эхийн загваруудыг орон нутгийн асуудлыг шийдвэрлэхэд ашиглаж эхэлжээ. Тухайлбал, Кени улсад DeepWisdom компанийн Atoms загварт тулгуурлан цусан дахь сахарын түвшин хянах, эмийн хуваарь сануулах эрүүл мэндийн гар утасны туслах бүтээсэн байна.
Кенийн судлаачдын онцолж буйгаар нээлттэй загварууд нь Африкийн багуудад өгөгдлөө хамгаалах, дотооддоо байрлуулах, орон нутгийн хэл, салбарын онцлогт тохируулах давуу тал олгож байна. Гэхдээ өгөгдлийн хамгаалалт, зохицуулалтын эрсдэлийг нарийн үнэлэх шаардлагатай. Африкийн хөгжлийн банкны тооцоогоор, хиймэл оюун ухааныг хүртээмжтэй хөгжүүлбэл 2035 он гэхэд Африкийн эдийн засагт нэг их наяд ам.долларын нэмүү өртөг бий болгох боломжтой ажээ.





