САНГИЙН САЙД АСАН С.БАЯРЦОГТ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААВ УУ
Оюутолгой төсөлтэй холбогдох асуудлаар Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нээлттэй сонсгол 2025 оны 12 дугаар 8-ны өдөр эхэллээ. Сонсголын эхний өдрийн сэдэв нь Канадын хөрөнгө оруулалттай гэх Entrée Resources компаний эзэмшиж буй ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбогдох асуудал байв.
Шинжээчдтэй дүгнэлттэй холбогдуулж гэрчээр дуудагдсан олон сонирхолтой дүр байснаас Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, гишүүдээр ажиллаж байсан улс төрчид оролцсон нь сонирхол татлаа. Нээлттэй сонсголд гэрчээр дуудагдсан Сангийн сайд асан С.Баярцогт “зарим асуудлыг хаалттай ярилцах нь зүйтэй, тодорхой дарамтууд байдаг” гэхэд Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал “иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор зохион байгуулж буй сонсголыг хаалттай явуулах боломжгүй” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Сонсголын үеэр сангийн сайд асан С.Баярцогт хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгч, Оюутолгой төсөлтэй холбогдуулж “ОХУ-ын Калинград мужид үүсгэсэн арбитрын маргааны дагуу шүүх хурал болсон, Оросын компани Оюутолгой ХХК-ийн хувийг нэхэмжилсэн” гэх зүйлийг ярьжээ. Энэхүү яриатай холбогдуулж сошиал орчинд “оросууд Оюутолгой төслийг авах гэж байна, гадаадын хөрөнгө оруулагчийг гаргах нь” гэх зэрэг тайлбарууд хөвөрсөн нь Онтре компанийн тусгай зөвшөөрлийн асуудалтай зэрэгцсэн сэдэв болсон нь анхаарал татаж байна.
С.Баярцогтын өгсөн ярилцлагатай холбогдуулж Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Солонгоо өөрийн цахим хуудсанд байр сууриа илэрхийлжээ: “С.Баярцогцт ...арбитрын шийдвэр гарсан төдийгүй, манай улсын Оюутолгой төсөл дэх хувь эзэмшлийн асуудал хөндөгдөх эрсдэл үүссэн гэсэн ойлголтыг олон нийтэд төрүүлэх зорилготой байсан нь анзаарагдлаа. Ерөнхийдөө оросууд Оюутолгой төслийг авах гээд байна шүү гэж "айлгах" зорилготой ч юм шиг… Иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор зохион байгуулагдаж буй нээлттэй сонсголын үеэр Рио Тинто гараад явчих вий, Оюутолгой компани дахь хувь эзэмшил эрсдэлд орсон гэх мэт хоосон "айдаст" автуулах шаардлагагүй бөгөөд харин ч маш хариуцлагагүй үйлдэл С.Баярцогт гуай гаргаж байгаад харамсаж байна.” гэжээ.
Тэрээр мөн “Оюутолгой ХХК-ийн аль нэг хувьцаа эзэмшигч хувьцаагаа шилжүүлэх, худалдах тохиолдолд нөгөө хувьцаа эзэмшигчээс зөвшөөрөл авах шаардлагыг Хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгасан.
Тиймээс Рио Тинто компани Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авалгүйгээр аль нэг өөр этгээдэд хувьцаагаа худалдах эсхүл шилжүүлэх боломжгүй юм. Нөгөө талаар С.Баярцогт гуайн яриад буй Калининградын гэх маргаан нь Русал компани Рио Тинто компанийн эсрэг гэрээ зөрчсөн үндэслэлээр гаргасан нэхэмжлэлтэй холбогдох маргаан бололтой. Энэ асуудал Рио Тинто компани 80% эзэмшдэг, Русал компани 20% эзэмшдэг Австралид үйл ажиллагаа явуулдаг хамтарсан компанийн үйл ажиллагаа, гэрээтэй холбогдуулж үүссэн бөгөөд Украйны дайнтай холбоотойгоор Оросын Холбооны Улсад тавьсан олон улсын хориг арга хэмжээтэй холбогдуулж Рио Тинто компани Русал компанийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй, хамтарсан компанийн хяналтыг 100% авсантай холбогдуулж Авсралийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан талаар Австралийн хэвлэлээр мэдээлэл гарч байжээ. Австралийн шүүх Рио Тинто компанийн талд маргааныг шийдвэрлэсэн бөгөөд Русал компани ОХУ-д маргаан эхлүүлсэн нь манай улсын Оюутолгой ХХК-ийн хувь эзэмшил шууд өөрчлөгдөх эрсдэл үүсэх хууль зүйн үндэслэлгүй юм.” гэж дэлгэрэнгүй тайлбар оруулжээ.
Эрхэм С.Баярцогт яагаад Рио Тинто компанийн өөр салбарт үйл ажиллагаа явуулдаг охин компанитай холбогдох арилжааны маргааныг хамаатуулж, Оюутолгой төсөлтэй холбоотой мэтээр, Оюутолгой төсөлд оросууд орж ирэх гэж байгаа мэтээр ярив гэдэг сонирхол татаж байна. Онтре компанийн тусгай зөвшөөрөлтэй холбогдох асуудлаас иргэдийн анхаарлыг сарниулах зорилго агуулав уу, эсхүл иргэдэд төөрөгдүүлсэн мэдээлэл өгч, айлгах технологи ашиглав уу гэдгийг нягтлах шаардлагатай юм.
Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нар “Оюутолгой төсөлд оросуудыг оруулах гэж байна” гэх асуудлыг нэг биш удаа хөндөж байгаа бөгөөд Оюутолгой төсөлтэй холбоотой яриа хэлэлцээний үеэр ташаа, худал мэдээллээр иргэдийг төөрөгдүүлж байгаа нь тэд Рио Тинто компанийн эрх ашгийг ийм замаар хамгаалж, “нөлөөллийн ажиллагаа” явуулж байж болзошгүй юм.
Юутай ч хэрэв Оюутолгой төсөлтэй холбоотой эрсдэл үүсэж болзошгүй арилжааны маргаан Оросын Холбооны Улсад үүссэн бол Рио Тинто компани энэ талаар албан ёсны байр суурь илэрхийлж, мэдээлэл өгөх үүрэг хүлээнэ. Хэн нэг улс төрчийн шидсэн, тодорхойгүй мэдээллээс шалтгаалж Оюутолгой төсөлтэй холбогдуулж зохион байгуулж буй нээлттэй сонсголын ач холбогдол буурах ёсгүй юм. Нээлттэй сонсгол 2025 оны 12 дугаар сарын 10, 12-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Э.Саранцэцэг





