ОЮУ ТОЛГОЙН 34 ХУВИЙГ УУ, ЭСВЭЛ АМНАТ УУ?

МЕГА ТӨСӨЛУУЛ УУРХАЙУЛСЫН ТӨСӨВ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний өгөөж, эрх ашгийг “Монголын талд бодитоор” нэмэгдүүлэх хүрээнд Монголын 34 хувийн эзэмшлийг АМНАТ-аар орлуулах/эсвэл АМНАТ-ыг өсгөн, татварын урсгалыг нэмэгдүүлэх хувилбаруудыг бодлогын түвшинд дахин сөхөх нөхцөл бүрдээд байгаа талаар мэдэгдсэн. Тэрээр Оюу толгойн гэрээний нөхцөлийг Монголын эрх ашигт нийцүүлэх, зардал-санхүүжилтийн ил тод байдал, аудит, шийдвэр гаргах түвшинд Монголын оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлыг Рио Тинтод тавьж хэлэлцүүлэхээ илэрхийлсэн нь энэ сэдвийг дахин идэвхжүүлэв.

“34 хувиас татгалзаад АМНАТ нэмье” гэх санааны үндсэн логик нь Оюу толгойн үр өгөөж төсөвт шууд орох, тогтвортой мөнгөн урсгалыг бүрэлдүүлэхэд оршино. 34 хувийн эзэмшил нь онолын хувьд ашигт ажиллагааны өсөлтөөс “урт хугацааны өгөөж” авах боломж хэдий ч төслийн санхүүжилт, зээлийн хүү, хөрөнгө оруулалтын зардлын бүтэц, ногдол ашиг хүртэх хугацаа зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан Монголын талд ноогдох бодит өгөөж өгөх хугацаа хойшилсон. Үүнтэй холбоотойгоор “төрийн эзэмшлийн хувь хэмжээг стратегийн ордын АМНАТ-аар орлуулж болно” гэх боломжит хууль эрх зүйн гарц нээгдсэн.

Нөгөө талд, 34 хувийн эзэмшлээс “татгалзах” нь зөвхөн санхүүгийн тооцоолол биш, засаглал ба хяналтын асуудал юм. Хувьцаа эзэмшил нь зөвхөн ногдол ашиг хүртэх асуудал бус, ТУЗ болон шийдвэр гаргалтад оролцох, мэдээлэл авах, хяналтын механизм тогтоох суурь хэрэгсэл болдог. Тиймээс 34 хувийг АМНАТ-аар солих хувилбар сонгогдвол Монголын талын удирдлага, ил тод байдал, аудитын эрх зэрэг “эрх мэдлийн багц”-ыг гэрээний өөр бусад заалтаар баталгаажуулах шаардлага үүснэ. Ерөнхий сайдын дэвшүүлсэн зардал, тайлангийн ил тод байдал, хөндлөн аудит, шийдвэр гаргалтад Монголын оролцоо зэрэг багц шаардлага нь үүнийг нөхөх логиктой нийцэж байна.

Мөн хөрөнгө оруулагчийн итгэл ба хэлэлцээний бодит боломж. Өмнө нь Монголын тал “эзэмшил бууруулж, роялти/татварыг нэмэх” санаа гаргаж байсан бөгөөд Рио Тинто тийм хэлцлийг сонирхохгүй гэж мэдэгдэж байв. Тиймээс 2026 онд энэ санаа дахин яригдлаа ч үр дүн нь:

· Монголын талын тооцоолол бодит, олон улсын жишигт нийцсэн байх,

· гэрээний тогтвортой байдлыг эвдэхгүйгээр “үр ашгийг тэнцвэржүүлэх” хэлбэрээр бүтэцлэх,

· улс төрийн эрсдэлийг бууруулах институцийн шийдэл (ил тод байдал, хараат бус аудит, парламентын хяналт)-тай хослуулах

эсэхээс шууд шалтгаална.

Эцэст нь, 34 хувийг АМНАТ-аар солих нь “нэг удаагийн шийдэл” биш, урт хугацааны өгөөжийн загвар сонгох тухай асуудал. Хэрэв Монгол Улс ойрын жилүүдэд төсөв, валютын урсгал, эрчим хүч/дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа тэтгэх шууд мөнгөн урсгал-ыг чухалчилбал АМНАТ-ын шинэ бүтэц нь давуу талтай. Стратегийн ордын засаглал, шийдвэр гаргалтад оролцох “эрх мэдлийн хувь” чухал гэж үзвэл эзэмшлийн хувилбар давуу талтай байх болно. Тиймээс Ерөнхий сайдын хэлэлцээний багц санал нь дан ганц хувьцаа–татварын солилцоо бус, Монголын талын өгөөж + хяналт + ил тод байдал гэсэн гурвалсан зорилтыг нэг дор хангах хэмжээнд боловсрох шаардлагатай байна.

Л.Золбаатар