МОНГОЛ УЛС, КАЗАХСТАНЫ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА: ТҮҮХЭН ҮНДЭС, ХӨГЖЛИЙН ҮЕ ШАТ

ГУРАВДАГЧ ХӨРШКазакстан
МОНГОЛ УЛС, КАЗАХСТАНЫ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА: ТҮҮХЭН ҮНДЭС, ХӨГЖЛИЙН ҮЕ ШАТ

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын 2024 оны 10-р сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр

Монгол Улс 1992 оны нэгдүгээр сарын 22-нд Бүгд Найрамдах Казахстан Улсыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон нь Монгол Улс Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа шинээр бүрэлдсэн Төв Азийн тусгаар улсуудтай харилцаагаа институцийн түвшинд хөгжүүлэх эхний чухал алхмуудын нэг болсон юм. Үүний дараа хоёр улс богино хугацаанд байнгын дипломат төлөөллийн тогтолцоогоо бүрдүүлж, Монгол Улс 1992 оны есдүгээр сард Алматы хотод Элчин сайдын яамаа нээсэн бол Казахстаны тал 1997 онд Улаанбаатар хотод дипломат төлөөлөгчийн газраа байгуулж, 2007 онд Элчин сайдын яамны статуст шилжүүлсэн байна.

1990-ээд оны сүүлээс эхлэн дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд тогтмолжиж, хоёр улсын хэлэлцээ шинэ шатанд гарсан бөгөөд 1998 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Казахстанд айлчилж, 1999 онд Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев Монгол Улсад хариу айлчлал хийсэн нь хоёр талын харилцааг илүү идэвхтэй, агуулгатай болгосон чухал үйл явдал болсон юм.

Сүүлийн жилүүдэд Монгол, Казахстаны харилцаа шинэ агуулгаар баяжиж, илүү өндөр түвшинд хүрсэн. Үүний тод илрэл нь Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын Монгол Улсад хийсэн төрийн айлчлал байлаа. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар 2024 оны аравдугаар сарын 28-29-нд Монгол Улсад төрийн айлчлал хийж, хоёр улсын харилцааны өнгөрсөн 30 гаруй жилийн ололтыг дүгнэн, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон юм. Энэ айлчлалын үеэр Монгол, Казахстан хоёр улс уламжлалт найрсаг харилцаагаа Стратегийн түншлэл-ийн түвшинд хүргэх түүхэн шийдвэр гаргаж, Казахстан нь Монгол Улсын Төв Азид байгуулсан анхны стратегийн түнш болсон байна.

Тус айлчлалын үеэр Казахстаны төрийн тэргүүн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхийг урьсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Казахстанд төрийн айлчлал хийхээр мордож байна.

Холбоотой