МОНГОЛ ДАХЬ ХЯТАД ОЮУТНУУД ТАНГУУЛЫН МЭДЭЭ МЭДЭЭЛЭХ ҮҮРЭГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ?
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад суралцах Хятад оюутны тоо тогтмол өсөж байгаа бөгөөд 2023 оны байдлаар манай улсын их, дээд сургуульд 3,000 гаруй Хятад оюутан суралцаж байна. Ихэвчлэн Улаанбаатар дахь үндэсний болон хувийн их сургуулиудад Хятад хэл, олон улсын харилцаа, инженерчлэл, анагаах ухааны чиглэлээр суралцаж байгаа эдгээр оюутнуудын зарим нь Монголын нийгэмд болж буй үйл явдал, Буддын шашин, Далай лам, Төвдийн талаарх иргэдийн байр суурь, хандлага зэргийн талаар Хятадын тусгай албад мэдээлэл өгөх үүрэгтэй байж болзошгүй талаарх болгоомжлол үүсээд байна.
Үүний шалтгаан нь БНХАУ-ын 2017 онд баталсан Үндэсний тагнуулын тухай хууль юм. Уг хуулийн 7-р зүйлд: “Хятад иргэн, байгууллага, аж ахуйн нэгжүүд нь тагнуулын байгууллагын ажлыг дэмжих үүрэгтэй бөгөөд шаардлагатай тохиолдолд мэдээлэл өгөх үүрэгтэй” гэж тусгасан байдаг. Энэ нь гадаад улсад байгаа хятад иргэд, тэр дундаа оюутнууд эх орныхоо эрх ашигт нийцсэн мэдээлэл дамжуулах, хяналт тавих оролдлогод ашиглагдаж болзошгүйг харуулж байна.
Их Британид саяхан нийтлэгдсэн UK-China Transparency (https://ukctransparency.org/ ) байгууллагын судалгаанд дурдсанаар, зарим хятад оюутнууд эх орондоо үнэнч байдлаа харуулах үүднээс ангийнхаа найзуудын хэлсэн үг, оролцсон үйл ажиллагааны талаар мэдээлэл өгдөг байна. Ийм жишээ Монголд бүртгэгдээгүй ч, соёлын солилцоо, академик орчны аюулгүй байдлыг хамгаалахын тулд төрийн байгууллагууд анхаарал хандуулах нь зүйтэй болно.
Монгол Улсын хувьд гадаад оюутнуудад нээлттэй боловсролын орчин санал болгодог ч, гаднын улсын геополитикийн зорилгод ашиглагдах эрсдэлийг үгүйсгэх аргагүй. Иймд бодлого боловсруулагчид олон улсын жишгээс сургамж авч, Монголын боловсрол, үндэсний аюулгүй байдлын уялдаа холбоог бэхжүүлэх нь нэн чухал байна.



