СИБИРЭЭС МОНГОЛ, ХЯТАД РУУ ЧИГЛЭХ ТӨМӨР ЗАМЫН ӨРТӨГ 2 ИХ НАЯД РУБЛИЭС ДАВЖ МАГАДГҮЙ
ОХУ-ын Тувагаар дамжин Монгол, Хятад руу хүрэх шинэ төмөр замын төслийн хөрөнгө оруулалт 2 их наяд рублиэс давж болзошгүй талаар Тува улсын тэргүүн Владислав Ховалыг Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумын үеэр мэдээлжээ. Энэхүү төсөл нь Төв Евразийн тээврийн коридорын хүрээнд хэрэгжих бөгөөд Красноярскийн хязгаарын Курагино хотоос Тувагийн Кызыл хүртэлх төмөр замыг дуусгаж, цааш Монголын хилтэй холбох зорилготой байна. Мөн энэ чиглэл нь Енисей мөрнөөр дамжин Хойд тэнгисийн замд хүрэх боломж бүрдүүлэхээр төлөвлөгджээ.
ОХУ-ын “Стратегийн судалгааны төв” болон “Тээврийн эдийн засаг, хөгжлийн хүрээлэн” хамтран төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан бөгөөд үүнд коридорын ачаа тээврийн суурь, боломжит хөрөнгө оруулалтын хэмжээг үнэлжээ.





