ОХУ-Д ШАТАХУУНЫ ХОМСДОЛ НЭМЭГДЭЖ, ПУТИНД ДАРАМТ УЧРУУЛЖ БАЙНА

ОХУ
ОХУ-Д ШАТАХУУНЫ ХОМСДОЛ НЭМЭГДЭЖ, ПУТИНД ДАРАМТ УЧРУУЛЖ БАЙНА

Украины нисгэгчгүй төхөөрөмжийн цохилтууд газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг онилсноор ОХУ даяар шатахууны хомсдол газар авч Ерөнхийлөгч Путинд улс төрийн шинэ дарамт үүсгэж байна.

6-р сарын 20-ны байдлаар ОХУ-ын боловсруулах хүчин чадлын 28 орчим хувь ажиллагаагүй болсон байна. Үүний улмаас Москва анх удаа шатахуун импортлох асуудлыг хэлэлцэж эхэлснийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ. ОХУ газрын тосны бүтээгдэхүүний томоохон экспортлогч байсан бол Украины цохилт эрчимжсэнтэй холбоотойгоор бензин, нисэхийн түлшний экспортыг хэдэн сарын турш хориглож, дизель түлшний экспортод ч хориг тавих боломжийг судалж байна.

Хомсдол бүс нутгуудаар харилцан адилгүй илэрч байгаа ч Москва, Сибирь, Хойд Кавказ зэрэг газарт шатахуун түгээх станцууд хаагдаж, олон цагийн дараалал үүсжээ. Зарим бүсэд нэг автомашинд олгох түлшний хэмжээг хязгаарлаж, канистрт шатахуун авахыг хориглосон байна.

Энэ хямрал ОХУ-ын нийгэмд дайнаас үүдэлтэй ядаргаа, бухимдлыг нэмэгдүүлж, есдүгээр сард болох парламентын сонгуулийн өмнө улс төрийн эрсдэл дагуулж болзошгүй. Путин шатахууны асуудлыг өөрөө хөндөж ярьсан нь нөхцөл байдал өргөн хүрээнд хүндрэснийг харуулж байна гэж ажиглагчид дүгнэжээ.

Холбоотой