КАЗАХСТАН ДАХЬ ОРОС ХЭЛНИЙ ХЭРЭГЛЭЭ БА КАЗАХ ҮНДЭСНИЙ ЯЛГАМЖ ЧАНАРЫН СОРИЛТ
Казахстан 1991 онд тусгаар улс болсноос хойш тус улс төрт улс болох, казах хэлний байр суурийг өсгөх, үндэсний ухамсар, түүхэн ой санамжийг шинэ нөхцөлд бүрдүүлэх зорилтыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн. Гэвч бодит байдал дээр орос хэл нь төрийн удирдлага, өдөр тутмын амьдрал, бизнес, боловсрол, хэвлэл мэдээлэл, шинжлэх ухаан, цахим орчинд гол байр сууриа хадгалсан хэвээр байна. Ийм нөхцөл байдал нь Казахстаны үндэсний бодлого, ялангуяа казах хэл, соёл, иргэний ижилсэлд олон талын хүндрэл учруулж байна.
Казахстаны Үндсэн хуульд казах хэлийг төрийн хэл гэж тодотгосон бөшөөд орос хэлийг төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын түвшинд казах хэлтэй зэрэгцүүлэн хэрэглэж болохоор зохицуулсан. Энэ нь олон үндэстэн, олон хэлт бүтэцтэй нийгэмд тогтвортой байдлыг хадгалах, шилжилтийн үеийн хурц зөрчлийг зөөлрүүлэх бодлогын хэрэгсэл байв. Зөвлөлтийн үеийн хотжилт, үйлдвэрлэл, захиргааны тогтолцоо орос хэл дээр төвлөрөн хөгжсөн нь Казахстан тусгаар тогтносны дараах эхний жилүүдэд орос хэлний бодит нөлөөг хадгалах суурь болсон бөгөөд орос хэлний хэрэглээ нь зөвхөн Зөвлөлтийн соёлын үлдэгдэл төдий бус, институцийн гүн тогтсон бодит байдал юм.
Казахстан дахь орос хэлний хэрэглээний нь казахуудын үндэсний ялгамж чанарыг бүрэн төлөвшүүлэх үйл явцад тодорхой саад учруулж байна. Нэгдүгээрт, хэл бол зөвхөн харилцааны хэрэгсэл биш, харин төрийн бэлгэдэл, түүхэн дурсамж, соёлын үргэлжлэл, иргэний өөрийгөө тодорхойлох суурь юм. Төрийн хэл бодит амьдралд бүрэн давамгайлж чадахгүй бол тусгаар тогтнолын агуулга зарим талаар бэлгэдлийн түвшинд үлдэх эрсдэлтэй. Казахстаны нөхцөлд казах хэл нь үндэсний төрийн албан ёсны тулгуур боловч нийгмийн өндөр орлого, өндөр нэр хүндтэй салбаруудад орос хэл илүү боломж олгож буй хэл хэвээр байгаа нь залуу үеийн хэлний сонголт, нийгмийн хөдөлгөөн, соёлын чиг баримжаанд шууд нөлөөлж байгаа юм.
Хоёрдугаарт, хэлний хэрэглээ нь мэдээллийн орчныг тодорхойлдог. Казахстаны иргэдийн томоохон хэсэг мэдээллээ орос хэл дээр авдаг учир Оросын хэвлэл мэдээлэл, цахим сүлжээ, үзэл санааны нөлөө тус улсын нийтийн сэтгэл зүйд харьцангуй хүчтэй хүрдэг. Орчин үеийн нөхцөлд энэ нь зөвхөн соёлын төдийгүй аюулгүй байдлын асуудал болж байна: улс орны мэдээллийн орон зайд гаднын тайлбар, үнэлгээ, улс төрийн агуулга давамгайлах юм бол үндэсний ашиг сонирхолд нийцсэн нэгдмэл улс төрийн ухамсар төлөвшүүлэхэд хүндрэл үүснэ. Иймээс Казахстаны хэлний бодлого нь боловсрол, соёлын хүрээнд хязгаарлагдахгүй, төрийн дархлаа, мэдээллийн аюулгүй байдалтай шууд холбогдож байна.
Гуравдугаарт, хэлний асуудал нь дотоодын нийгмийн ялгаатай байдалтай огтлолцдог. Хот ба хөдөө, төв ба бүс нутаг, ахмад ба залуу үе, казах хэл давамгай орчин ба орос хэл давамгай орчны хоорондын ялгаа нь боловсролын чанар, хөдөлмөрийн зах зээл, төрийн албанд нэвтрэх боломжид шууд болон шууд бусаар нөлөөлдөг.
Сүүлийн жилүүдэд Казахстан казах хэлний хэрэглээг өргөтгөх хэд хэдэн бодлогын алхам хийж байна. Үүнд төрийн албан хэрэг хөтлөлт дэх казах хэлний хэрэглээг нэмэгдүүлэх, боловсролын агуулгыг бэхжүүлэх, латин үсгийн шинэчлэлийг үргэлжлүүлэх, үндэсний түүх, соёлын агуулгыг хэлний бодлоготой уялдуулах зэрэг идэвх орно. Казах хэлийг шинжлэх ухаан, технологи, бизнес, дижитал орчин, орчин үеийн нийтийн хэрэглээнд өрсөлдөх чадвартай болгох нь илүү чухал. Өөрөөр хэлбэл, төрийн хэл зөвхөн “заавал хэрэглэх ёстой хэл” бус, харин “хөгжлийн боломж нээдэг хэл” болох шаардлагатай.
Үүний зэрэгцээ орос хэлний хэрэглээг бүхэлд нь сөрөг үзэгдэл гэж үзэх нь өрөөсгөл. Орос хэл нь Казахстаныг Евразийн өргөн орон зайтай холбох, бүс нутгийн худалдаа, боловсрол, шинжлэх ухааны харилцаанд оролцуулах тодорхой давуу талтай хэвээр байна. Гол асуудал нь энэ бодит байдлыг казах үндэстний төрийн хэл, соёлын дархлаа, иргэний нэгдмэл ухамсартай хэрхэн зөв тэнцвэржүүлэх вэ гэдэгт оршино.
Эцэст нь, Казахстан дахь орос хэлний хэрэглээний асуудал бол зөвхөн хэл шинжлэлийн маргаан бус, харин Казахстаны тусгаар тогтнолын чанар, үндэсний бодлого, төрийн ирээдүйн тухай асуудал юм. Казахстаны үндэсний ялгамж чанар бат бөх байх эсэх нь орос хэлийг шахан гаргахдаа бус, харин казах хэлийг төр, боловсрол, мэдлэг, инноваци, өдөр тутмын хэрэглээний бодит хэл болгож чадах эсэхээс шууд шалтгаална. Энэ бол зөвхөн соёлын төдийгүй Казахстаны тусгаар тогтносон, төрт улс төвхөнүүлэх стратегийн ач холбогдолтой зорилт юм.
Л.Золбаатар





