АКМОЛИНСК, ЦЕЛИНОГРАД, АКМОЛА, АСТАНА, НУР-СУЛТАН, ДАХИН АСТАНА

ГУРАВДАГЧ ХӨРШКазакстан

Астана хотын түүх бол зөвхөн нэг хотын түүх биш бөгөөд орчин үеийн Казахстаны төрийн байгуулалт, үндэсний бэлгэдэл, хөгжлийн чиг баримжааг илэрхийлсэн улс төр, нийгэм, хот байгуулалтын үйл явцын толь юм. Өнөөдрийн Астана анх XIX зууны эхээр Ишим мөрний сав газарт хаант Орос улсын цэргийн бэхлэлт, худалдааны суурин хэлбэрээр үүссэн бөгөөд 1830 онд Ишим мөрний эрэг дээр Акмолинскийн суурь тавигдаж, хаант Оросын тал хээрийн бүсийн захиргаа, худалдааны чухал цэг болжээ.

Зөвлөлтийн үед хотын хөгжил шинэ шатанд гарсан. 1961 онд ЗХУ-ын “Атар газар эзэмших” бодлогын хүрээнд хотын нэрийг Целиноград болгон өөрчилсөн нь уг бүс нутгийг газар тахиалангийн томоохон төв болгох зорилготой холбоотой байв. Энэ үед хотод дэд бүтэц, орон сууц, тээвэр, захиргааны байгууллагууд өргөжиж, зөвхөн бүс нутгийн төдийгүй холбоот улсын хэмжээнд стратегийн ач холбогдолтой төв болон хөгжжээ.

Казахстан тусгаар тогтносны дараа 1992 онд хотын нэрийг Акмола болгон өөрчилсөн нь казахуудын үндэсний түүх, хэл, өв уламжлалаа сэргээх бодлогын нэг хэсэг болсон юм.

Астана хотын түүхэн хамгийн том эргэлт нь Казахстаны нийслэлийг Алматыгаас Акмолад шилжүүлэх шийдвэр байлаа. Казахстаны удирдлага 1990-ээд онд нийслэлийг нүүлгэх болсон шалтгаан, Акмолаг сонгосноо газарзүйн төв байрлал, нутаг дэвсгэрийн тэнцвэртэй хөгжил, газар хөдлөлтийн эрсдэл харьцангуй бага байдал, стратегийн удирдлагын шинэ төв байгуулах шаардлагыг харгалзан үзсэн гэж тайлбарладаг. 1997 оны 12 дугаар сарын 10-нд Акмола хот албан ёсоор Казахстаны нийслэл болсон бөгөөд 1998 оны 7 дугаар сарын 6-нд хотыг дэлхий нийтэд “Астана” нэрээр танилцуулсан байна. “Астана” гэдэг нь казах хэлээр энгийнээр “нийслэл” гэсэн утгатай.

Нийслэл болсноор Астана богино хугацаанд төрийн шинэ төв, үндэсний шинэ дүр төрхийн бэлгэдэл болж хувирсан бөгөөд хотын ерөнхий төлөвлөлтөд орчин үеийн архитектур, өргөн чөлөө, засгийн газрын цогцолбор, олон улсын хурал, арга хэмжээ зохион байгуулах дэд бүтэц онцгой байр суурь эзэлсэн. Ийнхүү Астана нь Зөвлөлтийн үеийн захиргааны хотоос тусгаар улс болсон Казахстаны XXI зууны шинэ нийслэл, Евразийн орон зайн дипломат болон эдийн засгийн уулзвар төв болон өөрчлөгджээ.

2019 онд Казахстаны анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев огцорсны дараа нийслэлийн нэрийг түүний хүндэтгэлд “Нур-Султан” болгон өөрчилсөн бөгөөд энэхүү шийдвэр нь тухайн үеийн эрх мэдлийн шилжилт, төрийн дээд түвшний бэлгэдлийн улс төртэй шууд холбоотой алхам байв. 2022 онд Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тогтоол гарган хотын нэрийг дахин Астана болгосон нь сүүлийн жилүүдийн Казахстаны улс төрийн шинэчлэл, өмнөх үеийн өвөөс зай барих оролдлогын нэг илэрхийлэл гэж олон ажиглагч үздэг.

Астана түүхэндээ Акмолинск, Целиноград, Акмола, Астана, Нур-Султан, дахин Астана болж байсан нь зөвхөн захиргааны өөрчлөлт бус, Казахстаны төр, нийгмийн өөрчлөлтийн үе шат бүрийн тусгал юм.

Холбоотой