ИЕЗУИТҮҮД RIO TINTO-Д БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТАА ЧАНГАТГАХ ШААРДЛАГА ТАВИВ

Их Британийн католик шашны Иезуитийн байгууллага буюу Есүсийн нийгэмлэг Rio Tinto компанийн байгаль орчин, нийгмийн хариуцлагын бодлогод сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, тус компаний эзэмшдэг хувьцаагаа худалдах боломжтойг мэдэгдсэн нь уул уурхайн салбар дахь ёс зүйтэй хөрөнгө оруулалтын шахалт нэмэгдэж буйг харууллаа. Лондон болсон Rio Tinto-ийн жилийн тайлангийн хурлын үеэр Иезуитийн байгууллагын ёс зүйтэй хөрөнгө оруулалтыг хариуцдаг Стивен Пауэр Мадагаскар, Гвиней дэх төслүүдийн эрсдэлийг онцолж, олон жилийн турш тавьсан асуулт, шаардлагад хангалттай хариу Rio Tinto-оос аваагүйгээ мэдэгджээ.

Иезуитийн байгууллагын Rio Tinto-д тавьж буй гол шаардлага нь Мадагаскар дахь QMM уурхайн усны чанартай холбоотой. Байгаль орчин хамгаалах чиглээлийн байгууллагууд олон жилийн турш уг уурхайн доод урсгалын усанд уран, хар тугалгын агууламж өндөр илэрсэн нь орон нутгийн иргэдийн ундны усны эх үүсвэрт эрсдэл үүсгэж болзошгүйг анхааруулж ирсэн. Стивен Пауэр тус уурхайн усны чанарын тайлангууд хугацаандаа нийтлэгдэдгүй, шаардлагатай нарийвчилсан мэдээлэл дутмаг, зарим тохиолдолд тайлан огт гардаггүй байдал нь Rio Tinto-ийн ил тод байдал, хөндлөнгийн хяналтын тогтолцоонд эргэлзээ төрүүлж байгааг онцлов. Rio Tinto-ийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон хөндлөнгийн үнэлгээгээр металлын хэмжээ лабораторийн илрүүлэх доод түвшнээс доогуур гарсан гэж тайлбарласан ч Иезуитүүд үүнийг хангалттай баталгаа гэж үзэхгүй байна.

Иезуитүүдийн байр суурь нь гэнэтийн алхам бус, харин ёс зүйтэй хөрөнгө оруулалтын бодлогын үргэлжлэл юм. Тус байгууллага өөрийн шашны үнэт зүйл, нийгмийн шударга ёс, байгаль хамгааллын зарчимд нийцсэн хөрөнгө оруулалт хийхийг зорьдог хэмээн мэдэгддэг бөшөөд 2020 онд Иезуитүүд Их Британид эзэмшдэг 500 сая ам.долларын хөрөнгийн багцаасаа шатах ашигт малтмалын компаниудыг гаргана гэж мэдэгдэж байсан. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг компаниуд хангалттай ажиллахгүй байна гэсэн үнэлгээнд үндэслэсэн алхам байв. Rio Tinto-ийн хувьцааг худалдах боломжийн тухай Иезуитүүдийн одоогийн мэдэгдэл нь дан ганц Мадагаскарын усны асуудлаар хязгаарлагдахгүй, харин уул уурхайн салбарын хариуцлага, ил тод байдал, нутгийн иргэдийн эрх, уур амьсгалын эрсдэлийг бүхэлд нь хамарсан шахалт гэж үзэж болно.

Гвинейн Симандоу төсөл мөн Иезуитүүдийн анхаарлын төвд байна. Дэлхийн хамгийн том ашиглагдаагүй өндөр агуулгатай төмрийн хүдрийн орд гэгддэг уг төсөл Rio Tinto-ийн ирээдүйн өсөлтийн чухал тулгуур боловч экологийн хохирол, иргэдийн нүүлгэн шилжүүлэлт, орон нутгийн засаглалын сул орчин зэрэг олон эрсдэл дагуулж байна. Стивен Пауэрийн анхааруулснаар төрийн хяналт харьцангуй эмзэг орчинд хэрэгжиж буй том хэмжээний төсөлд компани өөрийн дотоод хяналт, олон нийтийн өмнөх тайлагнал, нөлөөлөлд өртсөн иргэдтэй зөвшилцөх механизмаа илүү өндөр түвшинд хүргэх шаардлагатай.

Энэ маргаан Монголын Оюу толгой төсөлтэй шууд холбогдох өргөн хүрээний сургамжтай. Rio Tinto нь Монгол Улсын хамгийн том зэс, алтны уурхай болох Оюу толгойд олборлолт явуулдаг бөгөөд Монгол Улс “Эрдэнэс Монгол”-оор дамжуулан төслийн 34 хувийг эзэмшдэг. Оюу толгой бол Rio Tinto-ийн зэсийн ирээдүйн стратегийн гол хөрөнгө юм. 2026 оны эхээр гарсан Rio Tinto ийн мэдээлэлд Оюу толгойн далд уурхайн олборлолт 2028–2036 онд жилд дунджаар 500 мянган тонн орчим зэс үйлдвэрлэх түвшинд хүрэх төлөвтэй бөгөөд 2030 он гэхэд дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох боломжтойг дурдсан. Оюу толгой нь Монголын эдийн засгийн өсөлт, экспорт, төсвийн орлогод стратегийн ач холбогдолтой боловч 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ, төслийн санхүүжилтийн нөхцөл, ногдол ашиг хувиарилах хугцаа хойшилсон байдал, татварын маргаан, менежментийн төлбөр зэрэг асуудлаар Монголын Засгийн газар болон Rio Tinto-ийн хооронд олон жилийн маргаан үргэлжилж ирсэн. Financial Times-ийн мэдээлснээр Монголын тал зээлийн хүүг бууруулах, жил бүрийн 150–200 сая ам.долларын менежментийн төлбөрийг зогсоох, төслийн өгөөжийг илүү шударгаар хуваарилах асуудлыг хөндөж байна.

Иезуитүүдийн Rio Tinto-д үзүүлж буй шахалт Монголд нэг дохио өгч байна. Дэлхийн хөрөнгө оруулагчид зөвхөн ашигт ажиллагаа бус, компанийн байгаль орчин, нийгмийн хариуцлага, засаглалын чанарыг улам нягт шалгадаг болжээ. Rio Tinto Оюу толгой, Симандоу, Мадагаскар зэрэг төслүүдээр дамжуулан ирээдүйн зэс, төмрийн хүдэр, стратегийн металлын нийлүүлэлтэд гол байр суурь эзлэхийг зорьж байгаа ч энэ зорилго нь ил тод байдал, орон нутгийн итгэлцэл, ус ба газар нутгийн хамгаалалттай салшгүй холбоотой.

Монгол Улсын хувьд Оюу толгойн өгөөжийг нэмэгдүүлэх асуудал зөвхөн санхүүгийн хэлэлцээрээр хэмжигдэхгүй. Төслийн урт хугацааны тогтвортой байдал нь байгаль орчны баталгаатай хяналт, олон нийтэд ойлгомжтой тайлагнал, үндэсний ашиг сонирхлыг хамгаалсан тэнцвэртэй засаглалаас шууд хамаарах юм.

Credit: www.kitco.com