АВСТРАЛИ КОКСЖИХ НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛД БОЛОМЖОО АЛДАЖ БАЙНА ГЭВ

Австралийн уул уурхайн бизнес эрхлэгч Мэтт Латимор тус улс коксжих нүүрсний дэлхийн зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэх боломжоо бүрэн ашиглаж чадахгүй байна гэж мэдэгджээ. Түүний үзэж буйгаар Энэтхэг зэрэг гол зах зээлд гангийн үйлдвэрлэл өсөж, коксжих нүүрсний эрэлт нэмэгдэж байгаа ч Австралийн экспорт сүүлийн таван жилд буурсан байна. Австралийн Ашигт малтмалын зөвлөл хөдөлмөрийн харилцааны шинэ зохицуулалт, тухайлбал “ижил ажилд ижил цалин” зарчим, Квинслендийн өндөр татварын бодлого нь нүүрсний салбарын ажиллах хүчний өсөлт, үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж байна гэж үзжээ. Латимор Австрали коксжих нүүрсний эрэлт нэмэгдэж буй нөхцөлд илүү хурдан, тодорхой шийдвэр гаргах шаардлагатай гэж онцолсон байна. Тэрбээр M Resources компаниараа дамжуулан нүүрсний салбарт хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлж, Индонезийн Вижая гэр бүлтэй хамтран Шинэ Өмнөд Уэльсийн “Tahmoor” нүүрсний уурхайг худалдан авчээ. BHP, Glencore зэрэг томоохон компаниуд ч Энэтхэгийн эрэлтийг ирээдүйн өсөлтийн гол хүчин зүйл гэж үзэж байгаа боловч Австралийн бодлогын орчин үйлдвэрлэлийн өргөтгөл, өрсөлдөх чадварт саад болж байгааг анхааруулж байна.





