АНУ НҮҮРСНИЙ САЛБАРТ 1.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХЭЭР БОЛОВ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нүүрсний олборлолт, цахилгаан үйлдвэрлэл, экспортын дэд бүтцийг дэмжих зорилгоор нийт 1.2 тэрбум ам.доллар хүртэлх санхүүжилтийн багц зарлалаа. Уг арга хэмжээний хүрээнд 10 муж дахь 13 нүүрсний цахилгаан станцын ашиглалтын хугацааг сунгах, мөн хоёр шинэ нүүрсэн цахилгаан станц болон нэг томоохон экспортын терминал байгуулах ажлыг дэмжихээр төлөвлөж байна.
АНУ-ын Эрчим хүчний яамнаас мэдээлснээр, Батлан хамгаалах үйлдвэрлэлийн тухай хуулийн хүрээнд 500 сая ам.доллар гаргаж, үүнээс 425 саяыг ажиллаж буй нүүрсний станцуудын ашиглалтыг сунгахад, 75 саяыг Калифорни мужийн Оакланд дахь шинэ экспортын терминалын төсөлд зориулах юм байна. Үүнээс гадна 350 сая ам.долларыг Аляска, Баруун Виржиниа дахь шинэ станцууд, Пуэрто-Рико болон Мэрилэнд дэх нүүрсний байгууламжуудыг шинэчлэхэд зарцуулахаар болжээ. Дотоод хэргийн сайд Даг Бургум нүүрсийг АНУ-ын хямд, найдвартай, аюулгүй эрчим хүчний “тулгуур багана” хэмээн тодорхойлж, хиймэл оюун ухаан, аж үйлдвэрийн өрсөлдөх чадварыг дэмжихэд чухал гэж онцолжээ. Одоогийн байдлаар АНУ-д 219 нүүрсний цахилгаан станц ажиллаж байгаа бөгөөд 2025 онд тэдгээр нь улсын нийт цахилгаан үйлдвэрлэлийн 17 хувийг бүрдүүлсэн байна.





