S&P: ZIJIN MINING-ИЙН ТӨЛӨВИЙГ “ЭЕРЭГ” БОЛГОН АХИУЛАВ

S&P Global Ratings БНХАУ-ын хамгийн том уул уурхайн компани болох Zijin Mining-ийн (Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт орших Хармагтайн ордыг лицензийг худалдан авсан) төлөвийг “тогтвортой”-гоос “эерэг” болгон ахиулж, урт хугацааны зээлжих зэрэглэлийг “BBB” хэвээр үлдээжээ. S&P-ийн үнэлгээгээр Zijin Mining 2028 он гэхэд дэлхийн зэс, алтны хамгийн том гурван үйлдвэрлэгчийн нэг болох боломжтой бөгөөд тус компани 2028 онд 1.5–1.6 сая тонн зэс, 130–140 тонн алт олборлох зорилт тавьжээ. Зэсийн үйлдвэрлэлийн өсөлтийг Серби, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс болон Төвөд дэх Жулунгийн уурхайн өргөтгөл дэмжих бол алтны олборлолтыг Гайана, Папуа Шинэ Гвиней болон Хятад дахь хүчин чадлын нэмэгдэл тэтгэхээр байна. Zijin сүүлийн үед гадаад, дотоодын худалдан авалтаа эрчимжүүлж байна: Chifeng Jilong Gold Mining-ийн хяналтын багцыг 18.26 тэрбум юаниар авах, мөн Канадын Allied Gold-ийг 28 тэрбум юаниар худалдан авах санал тавьжээ.





