МОНГОЛ УЛС ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭГ ДАХИН ХЭЛЭЛЦЭХ СТРАТЕГИЙН ЦОНХ НЭЭГДЛЭЭ
Лондоны металл бирж дээр зэсийн үнэ тонн нь 11,700 ам.доллар орчимд хүрч, томоохон банк, хөрөнгө оруулалтын байгууллага ирэх оны хоёрдугаар улиралд зэсийн үнэ 13,000 ам.долларт хүрч болзошгүй гэсэн таамаг дэвшүүлээд байна. Цахилгаан тээвэр, сэргээгдэх эрчим хүч, дата төв, хиймэл оюун ухааны дэд бүтэц зэрэг салбарын хурдацтай өсөлттэй уялдан зэсийн эрэлт тогтвортой өндөр түвшинд хадгалагдах хүлээлт давамгай байна. Үүний зэрэгцээ гол уурхайнуудын хүдэр дэх агуулга буурах, шинэ томоохон орд нээгдэх нь цөөн, геополитикийн эрсдэл өсч буй нь нийлүүлэлтийн талд тодорхой дарамт үүсгэж байна.
Фото: WSJ
Зэсийн үнэ түүхэн дээд түвшинд хүрсэн энэ мөчлөгт Оюу толгойн уухайгаас Монгол Улсад, монголчуудад ногдох өгөөж, өгөөжийн хуваарилалт бодит байдал дээр хэр шударга, үндэсний эрх ашигт нийцэж байна вэ гэсэн стратегийн шинжтэй асуулт зайлшгүй тавигдаж байна. Өмнөх жилүүдэд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ, түүнд холбогдох нэмэлт (“Дубайн гэрээ”), өрийн дарамт, ногдол ашгийн хойшлолт, татварын маргаан, уурхайн төсөлтэй холбоотой зардлын өсөлт зэргийн талаар олон удаа маргаан өрнөж ирсэн.
Өнөөдөр зэсийн үнэ өндөр, зэсийн дунд хугацааны зах зээлийн төлөв эерэг байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газар Рио Тинто компанитай байгуулсан Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг дахин хэлэлцэж, шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулах талаар бодитой, зоримог байр суурь баримтлах эдийн засаг, улс төрийн нөхцөл бүрдэж байна. Үүнд:
· Монгол Улсад ногдох ашгийн хувь, ногдол ашиг хүртэж эхлэх нөхцлийг сайжруулах
· Татвар, роялти, төлбөрийн тогтолцоог илүү шударга, ил тод болгох
· Зээлийн хүүг бууруулж ирээдүйн өрийн ачааллыг багасгах
· Орон нутгийн хөгжлийн сан, дэд бүтцийн санхүүжилтийн үүргийг тодорхой нэмэгдүүлэх
· Рио Тинто ийн авч буй “менежментийн” төлбөрийг тэглэх
· Байгаль орчны нөхөн сэргээлт, ус, газрын нөөцийн ашиглалтад тавих хариуцлага, стандартын шаардлагыг чангатгах
Хөрөнгө оруулагч талын хувьд ч зах зээлийн энэ мөчлөгт өндөр ашигт ажиллагаа, зэсийн тогтвортой нийлүүлэлтийг хадгалах сонирхол бий тул тодорхой хэмжээнд гэрээний нөхцөлийг сайжруулах хэлэлцээрт нээлттэй байх бодит шалтгаан байна.
Монголын тал богино хугацааны улс төрийн мөчлөгийг дагасан, популист хандлагаас зайлсхийж, мэргэжлийн тооцоо, олон улсын туршлага, үндэсний эрх ашгийг хослуулсан нухацтай стратеги баримтлах нь чухал юм.
Эцэст нь тэмдэглэхэд, зэсийн үнэ өндөр байгааг “зөвхөн их мөнгө орж ирэх боломж” гэхээс зайлсхийж, “гэрээгээ сайжруулж, ирээдүйн ашиг хүртэх тогтолцоогоо бэхжүүлэх улс төр–эдийн засгийн цонх” хэмээн харах нь Монгол Улсын урт хугацааны ашиг сонирхолтой илүү нийцэх болно.
Л.Золбаатар



