ГАДААД ХЭРГИЙН САЙД АСАН Л.ПҮРЭВСҮРЭН ЖЕФФРИ ЭПШТЕЙНТЭЙ ХЭРХЭН ХОЛБОГДОЖ БАЙНА ВЭ? БАС ЯАГААД?
2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр буюу хэдэн долоо хоногийн өмнө АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын Хяналт шалгалт, засгийн газрын реформын хорооноос Жеффри Эпштейнтэй холбогдох 20,000 гаруй хуудас материалыг ил болгосон. Жеффри Эпштейнтэй холбогдох баримт материалыг ил болгох олон нийтийн шаардлага улам нэмэгдэж байх үед эдгээр материалыг ил болгосон бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэхэд улам их баримт бичиг, материалыг ил болгохоор байна. Учир нь АНУ-ын Конгрессоос Эпштейнтэй холбогдох файлуудыг ил тод болгох тухай хууль баталсан бөгөөд энэхүү хуульд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн юм. Энэхүү хуулийн дагуу АНУ-ын Хууль зүйн яам нь 30 өдрийн дотор насанд хүрээгүй хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг үйлдэх гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан Жеффри Эпштейнтэй холбогдох бүх файл, баримт бичгийг “хайж болох, татаж хадгалж болох” хэлбэрээр олон нийтэд ил болгох үүргийг хүлээсэн.
Photo: Deutsche Welle
Жеффри Эпштейн насанд хүрээгүй хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг үйлдэх гэмт хэрэгт буруутгагдаж 2019 оны 7 дугаар сард баривчлагдахаасаа өмнө хийж байсан ажил, захидал харилцаатай холбогдох мэдээллийг АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Хяналт шалгалтын хорооноос ил болгосон материал, файлуудаас авч болохоор байна. Эпштейн насанд хүрээгүй олон хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн, бэлгийн мөлжлөг үйлдэх зорилгоор насанд хүрээгүй хүүхэд хохирогч болсон хүний наймааны гэмт хэрэгт буруутгаж байсан бөгөөд цагдан хоригдох үедээ өөрийгөө боомилж амиа хорлосон. Төлөөлөгчдийн танхимын Хяналт шалгалтын хорооноос ил болгосон материал, файлуудаас харахад 2008 онд Эпштейн насанд хүрээгүй хүүхдийн биеийг үнэлүүлсэн, биеэ үнэлэхэд ятгасан гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр ял шийтгүүлж, хорих ял эдэлж гарч ирсний дараа улс төр, бизнес, шинжлэн ухааны салбарын нөлөө бүхий хүмүүс түүнтэй харилцсан хэвээр байсан байна. Тухайлбал, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын угсаа залгамжлах хунтайж байсан Андрью Маунтбаттен Виндзор, Лорд Питер Манделсон, тэрбумтан Питер Тьел, АНУ-ын Сангийн сайд асан Ларри Саммерс, болон тэрбумтан Леон Блак зэрэг нөлөө бүхий хүмүүс Эпштейнтэй харилцсаар байжээ. Насанд хүрээгүй хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэрэгт ял шийтгүүлж байсан хэдий ч түүний нөлөө бүхий, чинээлэг найзууд Эпштейнтэй дотно харилцаатай хэвээр байжээ.
Ил болсон захидал харилцаан дотор Эпштейн Монгол Улстай холбоотой ажлын харилцаа тогтоож байсныг нотолж болох имэйл гарч ирсэн нь гадаад харилцааны сайд болон Монгол Улсын ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдоржийн гадаад харилцааны зөвлөхөөр ажиллаж байсан Лүндэгийн Пүрэвсүрэнгээс 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Эпштейнд илгээсэн имэйл байна. Л.Пүрэвсүрэн имэйлдээ Эпштейний Парис дахь гэрт ганцаарчилсан уулзалт хийх хүсэлтэйгээ илэрхийлж, гурван өдрөөс (2017 оны 1 дүгээр сарын 21, 22, эсхүл 23) аль тохиромжтойг нь Эпштейнээс асууж байжээ. Имэйлийн агуулга “нөхөрсөг” байгаагаас харахад энэ нь Л.Пүрэвсүрэнгээс анх удаагаа Эпштейнд бичсэн имэйл биш гэж үзэхээр байна.
2017 оны 1 дүгээр сард имэйл бичих үедээ Л.Пүрэвсүрэн нь Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гадаад хэргийн зөвлөхийн албан тушаал хашиж байжээ. Л.Пүрэвсүрэн 2014-2016 онд Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан бөгөөд түүнээс өмнө 2009-2014 онуудад мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гадаад хэргийн зөвлөхөөр ажиллаж байсан байна. Түүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ойрын хүн гэж үздэг. Л.Пүрэвсүрэнг 2017 оны 5 дугаар сард Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон бусад олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайдаар томилж байжээ. Олон нийтэд ил болсон баримтаас харахад Л.Пүрэвсүрэн нь 2014 оны 9 дүгээр сард Жеффри Эпштейний гэрт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Израйлийн ерөнхий сайд асан Эхүд Барак нартай оройн зоог барьж байжээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараагийн нийтлэлээс сонирхоорой.
Д.Цэрэн
