ТЕХНОЛОГИ

“ESL Pro League”-ийн 22-р улиралд “The MongolZ” баг хожигдлоор тэмцээнээ эхлүүллээ

Mongols.News
“ESL Pro League”-ийн 22-р улиралд “The MongolZ” баг хожигдлоор тэмцээнээ эхлүүллээ

“Counter-Strike 2” төрлийн дэлхийн хэмжээний “ESL Pro League”-ийн 22 дахь улиралд Монголын “The MongolZ” баг хоёрдугаар шатнаас оролцож, тэмцээнээ Оросын “HOTU” багт хожигдсоноор эхлүүллээ. Тэмцээний нийт шагналын сан 400 мянган ам.доллар бөгөөд

2025 оны 10-р сарын 4-нд Шведийн Стокхольм хотноо эхэлсэн “Counter-Strike 2” төрлийн дэлхийн хэмжээний “ESL Pro League”-ийн 22 дахь улиралд Монголын “The MongolZ” баг хоёрдугаар шатнаас оролцож, тэмцээнээ Оросын “HOTU” багт хожигдсоноор эхлүүллээ. Тэмцээний нийт шагналын сан 400 мянган ам.доллар бөгөөд хоёрдугаар шат 10-р сарын 8 хүртэл үргэлжлэх юм.

“The MongolZ” баг дэлхийн чансааны дээгүүрт бичигдэж буй тул шууд хоёрдугаар шатны урилгаар оролцсон. Харин “HOTU” баг нэгдүгээр шатанд “FURIA”, “B8”, “ENCE” зэрэг нэр хүндтэй багуудыг буулган авч, чансаагаа баталгаажуулсан юм.

Өчигдөр болсон тоглолт “Best of 3” буюу гурван газрын өрсөлдөөнөөр явагдсан бөгөөд “HOTU” баг Overpass болон Ancient газрын тоглолтод ялалт байгуулж, 2-1 харьцаатайгаар “The MongolZ”-ийг буулган авлаа. “The MongolZ” баг Mirage газрын тоглолтод 13-10 харьцаатайгаар хожсон ч нийт онооны хувьд дутуу байв.

Тоглолтын гол тоглогчоор “HOTU” багийн Давид Даниелян буюу “n0rb3r7” тодорсон бөгөөд тэрбээр нийт 48 хөнөөлт, 15 туслалцаа, 40 үхэл-тэйгээр тоглолтыг тэргүүлсэн. Тэрбээр өмнө нь “Virtus.pro” багийн бүрэлдэхүүнд багтаж, Мэйжорын аварга болж байсан ч есөн сарын өмнө сэлгээнд шилжсэн. Одоо “HOTU” багт зээлээр тоглож байгаа бөгөөд LAN тэмцээнд эргэн ирсэндээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. “Есөн сар сэлгээнд суух гунигтай байлаа. LAN-ийн уур амьсгалыг маш их санасан. The MongolZ шиг багийг хожсондоо бид баяртай байна” хэмээн тэрбээр тоглолтын дараа ярьсан байна.

Тэмцээний хоёрдугаар шатанд нийт 16 баг өрсөлдөж байгаа бөгөөд тэд швейц системээр таван тоглолт хийж, Playoffs-т шалгарах 8 баг-ийг тодруулах юм. “HOTU” баг өнөөдөр орой “Spirit” багтай тоглох бол “The MongolZ” баг 16:30 цагаас “Inner Circle” багтай оноолттой байна.

Холбоотой