Эдийн засагч Д.Амгалан: “Монгол Улс мөнгөгүйдээ хөгжихгүй байгаа юм биш"

УИХ-д өргөн баригдаад буй энэ үед эдийн засагч Д.Амгалан төсвийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр төсвийн орлого, зарлагын тооцоолол нь гадаад эдийн засгийн шок, макро нөхцөл байдал, олон улсын санхүү, таваары
Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төсөл УИХ-д өргөн баригдаад буй энэ үед эдийн засагч Д.Амгалан төсвийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр төсвийн орлого, зарлагын тооцоолол нь гадаад эдийн засгийн шок, макро нөхцөл байдал, олон улсын санхүү, таваарын зах зээлийн эрсдэлүүдийг бүрэн тусгаагүй гэж үзэж байна.
Түүний хэлснээр, төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлын зарцуулалт нь хөгжлийн хөтөлбөрт чиглэхээс илүүтэй “Хэмнэлийн хууль” нэрийн дор хавтгайруулан хасагдаж, салбарын хөгжил, зардлын үр дүнг сулруулсан нь өмнөх жилүүдийн алдааг давтаж буйг харуулж байна. Түүнчлэн гадаад шокоос үүдэлтэй орлого тасарсан үед зарлагыг хэрхэн санхүүжүүлэх талаар тооцоолол, төлөвлөлт дутмаг байгааг анхаарууллаа.
2026 оны төсөвт нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээг өндөр түвшинд тооцсон ч эдийн засагчийн үзэж буйгаар 90 сая тонн нүүрс экспортлох дэд бүтэц, логистикийн чадамж бүрэн хангагдаагүй. Хятадын зах зээлийн эрэлт, тээвэрлэлтийн тасралтгүй байдал, үнэ ханшийн хэлбэлзэл зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзвэл бодит боломж 65–75 сая тонн орчим гэж тооцоолж байна. Нүүрсний үнэ буурч буй нь экспортын орлогод сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг ч тэрбээр онцоллоо.
Аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлого, ядуурал, ажилгүйдлийг бууруулах чиглэлд Засгийн газраас тодорхой алхмууд хийж байгаа ч эдийн засагчийн үзэж буйгаар Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл, татварын хуулийн өөрчлөлт, төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих бодлого нь хэлбэр төдий хэрэгжиж байгаа нь харамсалтай. “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр” хэрэгжиж байгаа ч төсвийн халамжид чиглэсэн хэт хамаарал, дарга нарын нөлөөллөөс ангид системийн шинэчлэл хийх шаардлагатай гэж тэрбээр үзэж байна.
Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан 14 мега төслөөс өнөөдрийн байдлаар 3–4 нь л бодитоор хэрэгжиж эхэлсэн. Харин 2026–2030 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан төсөл, арга хэмжээг улсын төсвийн эх үүсвэр, гадаадын зээл, тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр заасан нь бодлогын баримт бичгийн хувьд залгамж чанарыг хадгалсан ч хэрэгжилт нь цаг хугацааны шалгуураар тодорхой болно гэж эдийн засагч дүгнэж байна.
2026 оны төсвийг “иргэдийн төсөв” хэмээн тодотгож буй ч эдийн засагчийн байр суурь нь өөр байлаа. Тэрбээр E-Mongolia системээр 186 мянган иргэний санал авсан, 239 мянган хүн хэлэлцүүлэгт оролцсон гэх статистикийг “хэлбэр төдий” гэж үзэж байна. Төсвийн төлөвлөлт нь мэргэжлийн түвшинд, доороос дээш чиглэлтэйгээр, цаг хугацааны уялдаатайгаар хийгдэх ёстой бөгөөд “иргэдийн төсөв” гэх тодотгол нь популизмын шинжтэй хэмээн шүүмжиллээ.
Татварын гурав дахь шатны иж бүрэн шинэчлэл 2025 онд УИХ-д өргөн баригдсан. Үүнд НӨАТ-ын буцаан олголтыг шатлалтайгаар нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэгчдэд орлогын хөнгөлөлт үзүүлэх, орон нутагт шилжин суух иргэдэд 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт олгох, аж ахуйн нэгжүүдийн ашгийн татварын босгыг өөрчлөх зэрэг багтсан. Эдийн засагчийн үзэж буйгаар, эдгээр шинэчлэл тогтвортой хэрэгжиж байж татварын дарамт бодитоор буурна.
Эцэст нь тэрбээр “Монгол Улс мөнгөгүйдээ хөгжихгүй байгаа юм биш. Харин төсвийн бодлого нь үр дүнгүй, системийн шинэчлэл хийгдээгүй байгаад л гол асуудал оршиж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.