УЛС ТӨР

Чикаго хотын оршин суугчид холбооны засгийн газрын оролцоог эсэргүүцсэн

Mongols.News
Чикаго хотын оршин суугчид холбооны засгийн газрын оролцоог эсэргүүцсэн

Дотоодын аюулгүй байдлын сайд Кристи Ноэм “X” платформ дээр мэдэгдэл гаргаж, Чикагогийн Брайтон Парк дүүрэгт нөхцөл байдлыг хянах нэмэлт “тусгай ажиллагааны баг”-ийг илгээж байгаагаа зарласан. Тус яамны Туслах сайд Триша Маклафлин уг эмэгтэй хагас ав

2025 оны 10-р сарын 4-ний Бямба гарагт АНУ-ын Хилийн хамгаалалтын албаныхан Чикаго хотын өмнөд хэсэгт болсон эсэргүүцлийн үеэр зэвсэглэсэн эмэгтэйг буудсан талаар АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам мэдээллээ. Уг эмэгтэй, нэр нь тодорхойгүй байгаа ч АНУ-ын иргэн бөгөөд эсэргүүцлийн жагсаалд оролцож, АНУ-ын Цагаачлал, гаалийн хяналтын албаны (ICE) автомашинууд руу өөр тээврийн хэрэгслээр мөргөсөн бүлэгт багтаж байжээ. Эмэгтэй өөрөө эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд биеийн байдал нь одоогоор тодорхойгүй байна.

Жагсаалын үеэр ICE-ийн албан хаагчид жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч шүршигч, резинэн сум ашигласан бөгөөд нөхцөл байдал хурцадмал байдалд хүрсэн байна. Дотоодын аюулгүй байдлын сайд Кристи Ноэм “X” платформ дээр мэдэгдэл гаргаж, Чикагогийн Брайтон Парк дүүрэгт нөхцөл байдлыг хянах нэмэлт “тусгай ажиллагааны баг”-ийг илгээж байгаагаа зарласан. Тус яамны Туслах сайд Триша Маклафлин уг эмэгтэй хагас автомат буугаар зэвсэглэсэн байсан гэж мэдэгджээ.

Иллинойс мужийн амбан захирагч Жей Би Притцкер Бямба гарагт мэдэгдэл хийж, Ерөнхийлөгч Дональд Трамп түүнд мужийн Үндэсний гвардыг дайчлах шаардлага тавьсан гэжээ. “Өөрийн улсын хил дотор, өөрсдийн хүсэл зоригийн эсрэг цэргийн хүч илгээхийг шаардаж байгаа нь туйлын зүй бус, Америк ёсонд харш зүйл” хэмээн Притцкер мэдэгдсэн байна. Харин Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Абигейл Жэксон Ройтерс агентлагт өгсөн мэдэгдэлдээ Ерөнхийлөгч Трамп холбооны албан хаагчдыг хамгаалахын тулд 300 Үндэсний гвардын цэргийг дайчлах зөвшөөрөл олгосон гэжээ.

Чикаго хотын оршин суугчид холбооны засгийн газрын оролцоог эсэргүүцсэн олон удаагийн жагсаал зохион байгуулсаар байгаа бөгөөд Баасан гарагт Broadview дүүрэгт байрлах ICE-ийн байгууламжийн гадна хэдэн зуун жагсагч цагдаагийн албан хаагчидтай мөргөлдсөн байна. ICE-ийн албан хаагчид хоригдлуудыг байгууламж руу зөөвөрлөхийг саатуулах зорилгоор газар сууж эсэргүүцэл илэрхийлсэн жагсагчдыг хүч хэрэглэн тарааж, химийн бодис, резинэн сум ашигласан нь тулааны талбарыг санагдуулам дүр зураг үүсгэжээ.

Жагсагчид Нью-Йорк, Лос Анжелес, Вашингтон D.C., Портланд зэрэг Ардчилсан намын удирдлагатай хотуудад мөн ижил төрлийн хүч хэрэглэсэн цагдаагийн ажиллагааг эсэргүүцэж байгаа юм. Бямба гарагт холбооны шүүгч Ерөнхийлөгч Трампыг Портланд хот руу 200 Үндэсний гвардын цэргийг илгээх шийдвэрийг түр хугацаагаар хориглосон байна.


Холбоотой