ХӨРШ ОРОН

“Халзан бүрэгтэй” ордын хайгуулын ажлыг үргэлжлүүлэхээр боллоо: Байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө илрээгүй гэж УИХ дүгнэв

“Халзан бүрэгтэй” ордын хайгуулын ажлыг үргэлжлүүлэхээр боллоо: Байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө илрээгүй гэж УИХ дүгнэв

Шинжээчдийн тайлбар, холбогдох байгууллагуудын мэдээллээр “Халзан бүрэгтэй” орд нь ураны бус, газрын ховор элементийн орд бөгөөд одоогоор зөвхөн хайгуулын шатанд ажиллаж байгаа, ашиглалт эхлээгүй байна. Цацрагийн хэмжилтээр 1.67 микрозиверт/цаг

2025 оны 9-р сарын 23-нд Төрийн ордонд зохион байгуулагдсан “Халзан бүрэгтэй орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах” сэдэвт Ерөнхий хяналтын сонсголын үеэр тус ордын хайгуулын үйл ажиллагаанд байгаль орчны ноцтой сөрөг нөлөө илрээгүй гэсэн дүгнэлт гарлаа. Сонсголыг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар даргалсан бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн төлөөлөл, иргэд, шинжээчид зэрэг 130 гаруй хүн оролцсон юм.

Шинжээчдийн тайлбар, холбогдох байгууллагуудын мэдээллээр “Халзан бүрэгтэй” орд нь ураны бус, газрын ховор элементийн орд бөгөөд одоогоор зөвхөн хайгуулын шатанд ажиллаж байгаа, ашиглалт эхлээгүй байна. Цацрагийн хэмжилтээр 1.67 микрозиверт/цаг үзүүлсэн нь хүний эрүүл мэнд, мал амьтанд нөлөөлөх хязгаараас доогуур түвшин гэж тогтоогджээ. Малын гажигтай төл гарсан гэх мэдээлэл нь цацрагаас шалтгаалаагүй, нотолгоо байхгүй гэж шинжилгээгээр баталсан бол ус, хөрсний бохирдлын шинж тэмдэг ч илрээгүй байна.

Иймд УИХ-ын сонсголын дүнгээр хайгуулын ажлыг үргэлжлүүлэх, төрийн хяналтыг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэл өгөхөөр шийдвэрлэжээ.

Төрийн байр суурь: “Газрын ховор элемент бол стратегийн салбар”

Сонсголын үеэр УИХ-ын гишүүд газрын ховор элементийн ашиглалт нь Монгол Улсын эдийн засгийн ирээдүйн чухал тулгуур болохыг онцолсон юм. УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “Халзан бүрэгтэй ордын хайгуул нь шинжлэх ухааны үндэслэлтэй, байгальд сөрөг нөлөөгүй явагдаж байна. Энэ бол Монголын анхны газрын ховор элементийн төсөл бөгөөд улсын стратегийн ач холбогдолтой” хэмээн мэдэгдсэн бол гишүүн Ө.Шижир “Дэлхий нийт өндөр технологийн үйлдвэрлэлд газрын ховор элементэд тулгуурлаж байна. Монгол Улс хоцрох ёсгүй” гэв. Харин гишүүн Б.Бат-Эрдэнэ “Цаашид төрийн байгууллагууд хяналтаа сайжруулж, ил тод мэдээлэл өгөх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Сонсголын дүгнэлтээр дараах гол чиглэлүүдийг гаргасан:

  • Хайгуулын ажлыг үргэлжлүүлж, ордын нөөцийг бүрэн тогтоох
  • Байгаль орчны нөлөөллийн хяналтыг тогтмол хийх
  • Иргэдийн оролцоо, мэдээлэлтэй байх орчныг сайжруулах
  • Газрын ховор элементийн талаархи хууль, бодлогыг нэг мөр болгох
  • Цацрагийн лаборатори, хяналтын чадавхыг орон нутагт нэмэгдүүлэх

Эдийн засгийн ач холбогдол

“Халзан бүрэгтэй” ордод диспрози, терби, ниодим, паразиоди зэрэг өндөр технологийн үйлдвэрлэлд ашиглагддаг үнэт элементүүд агуулагддаг. Эдгээр нь цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, хүнд үйлдвэрийн гол түүхий эд болохын хувьд Монгол Улсад нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжүүлэх шинэ боломжийг нээж байна.

Төслийг хариуцлагатай, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үргэлжлүүлэх нь зөвхөн эдийн засгийн хувьд төдийгүй байгаль орчин, нийгмийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэх боломжтой гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “Өнөөдрийн дүгнэлт бол нэг талын яриа биш — шинжээчид, төр, иргэдийн мэдээлэлд тулгуурласан бодит үнэлгээ юм. Байгаль орчны ноцтой нөлөө илрээгүй. Тиймээс хайгуулын ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үргэлжлүүлэх нь зүйтэй” хэмээн онцоллоо.

“Халзан бүрэгтэй” орд нь Монгол Улсын анхны газрын ховор элементийн төсөл бөгөөд УИХ-ын сонсголын шийдвэрээр төр, орон нутгийн байгууллагууд төслийг дэмжин ажиллаж, цаашдын хяналт, ил тод байдлыг сайжруулах чиглэл гаргасан байна.

Холбоотой