Хятад улс Мьянмарт луйврын төв ажиллуулж байсан “Минг” овгийн 11 хүнийг цаазаар авах ял оноолоо

Мьянмарт цахим луйврын төвүүдийг удирдаж байсан “Минг” овгийн 39 гишүүнд ял оноосон талаар Хятадын төв телевиз (CCTV) мэдээллээ. Тэдний 11 нь цаазаар авах ял авсан бол тав нь хоёр жилийн хойшлуулалттайгаар цаазын ял, 11 нь бүх насаар хоригдох ял, үлд
Хятадын зүүн нутгийн Вэнжоу хотын шүүхээс Мьянмарт цахим луйврын төвүүдийг удирдаж байсан “Минг” овгийн 39 гишүүнд ял оноосон талаар Хятадын төв телевиз (CCTV) мэдээллээ. Тэдний 11 нь цаазаар авах ял авсан бол тав нь хоёр жилийн хойшлуулалттайгаар цаазын ял, 11 нь бүх насаар хоригдох ял, үлдсэн нь 5–24 жилийн хорих ял сонссон байна.
“Минг” овгийнхон Мьянмарын Хятадтай хил залгаа Лауккайнг хэмээх жижиг хотыг мөрийтэй тоглоом, хар тамхи, цахим луйврын төвүүдийн гол төв болгож хувиргасан дөрвөн овгийн нэгэнд харьяалагддаг байжээ. Шүүхийн тогтоолын дагуу тэд 2015 оноос хойш харилцаа холбооны луйвар, хууль бус казино, хар тамхины наймаа, биеэ үнэлэлт зэрэг гэмт хэрэгт оролцож, нийт 10 тэрбум юань (1.4 тэрбум ам.доллар) орлого олсон байна.
Мьянмарын эрх баригчид 2023 онд эдгээр овгуудын гишүүдийг баривчилж, Хятадын талд шилжүүлсэн. “Минг” овгийнхны удирддаг байсан хамгийн том төвүүдийн нэг нь “Crouching Tiger Villa” нэртэй цогцолбор бөгөөд тэнд 10,000 орчим ажилчид хүчээр ажиллуулж, зодож, тарчлаадаг байсан тухай мэдээлэл байна.
НҮБ-аас “scamdemic” буюу цахим луйврын цар тахал хэмээн нэрлэсэн энэ үзэгдэлд 100,000 гаруй гадаад иргэд, тэдний дийлэнх нь Хятад иргэд хохирч, дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүсийг онилсон нарийн зохион байгуулалттай цахим залилангийн ажиллагаанд хүчээр татагдан оролцож байжээ.
Лауккайнг анх Хятадын мөрийтэй тоглоомын эрэлт хэрэгцээг ашиглах зорилгоор хөгжүүлсэн ч удалгүй мөнгө угаалт, хүний наймаа, цахим луйврын төвүүдийн гол бааз болон хувирсан. Хятад улс энэ асуудалд хатуу байр суурьтай байгаагаа дээрх ял оноолтоор илэрхийлж байгаа бөгөөд Бээжингийн шахалтаар Тайланд ч энэ оны эхээр Мьянмартай хил залгаа бүсэд байрлах луйврын төвүүдийн эсрэг арга хэмжээ авч эхэлсэн.
Хэдийгээр Мьянмарт хяналт чангарч байгаа ч цахим луйврын бизнес Камбож руу шилжиж, Мьянмарт ч үргэлжилсээр байна. Хоёр жилийн өмнө босогчдын эвсэл Мьянмарын армийг Шан мужийн томоохон хэсгээс шахан гаргаж, Лауккайнг хяналтдаа авсан. Эдгээр бүлэглэлүүдэд нөлөөтэй Хятад улс уг довтолгоонд дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.
“Минг” овгийн тэргүүн Мин Шүэчан амиа хорлосон гэх мэдээлэл байгаа бол бусад гишүүдийг Хятадын талд шилжүүлж, зарим нь гэмээ хүлээн уучлал хүссэн байна. Мөн луйврын төвүүдэд ажиллаж байсан мянга мянган хүнийг Хятадын цагдаад хүлээлгэн өгөөд байгаа юм.