Туулын хурдны замын бүтээн байгуулалт эрчимжиж, 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна

НЗХГ-ын дарга Б.Одбаярын мэдээлснээр, Туулын хурдны зам нь Улаанбаатар–Налайх чиглэлийн авто замаас эхлэн Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км урт, 6 эгнээ бүхий авто зам байх бөгөөд найман байршилд хоёр түвшний уулзвар, 13 бай
2025 оны 10-р сарын 4-ний өдөр Туулын хурдны зам болон Нэгдүгээр тойрог замын огтлолцох хэсэгт улаан шугам татаж, Улаанбаатар хотын авто замын шинэ бүтээн байгуулалтын эхлэл албан ёсоор тавигдлаа. Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, эрчим хүчний асуудал хариуцсан зөвлөх Г.Батсайхан, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон холбогдох албаныхан оролцож, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Богдхан уулын Залаатын ам орчмын трассын дагуу газар дээр нь ажиллалаа.
НЗХГ-ын дарга Б.Одбаярын мэдээлснээр, Туулын хурдны зам нь Улаанбаатар–Налайх чиглэлийн авто замаас эхлэн Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км урт, 6 эгнээ бүхий авто зам байх бөгөөд найман байршилд хоёр түвшний уулзвар, 13 байршилд нийт 9.8 км урт гүүр, дөрвөн байршилд 190 метр урт туннель байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн хамгийн урт гүүрэн байгууламж болох 7.2 км гүүр нь Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл үргэлжлэх юм.
“Өнөөдөр татаж буй улаан шугам нь Нэгдүгээр тойрог зам болон Туулын хурдны замын олон түвшний огтлолцох эхний цэг дээр хийгдэж байна. Үүний дараа зүүн тийш Налайхын зам, баруун тийш Маршалын гүүр рүү холбогдох ажлуудыг шат дараатайгаар эхлүүлнэ. Замын бүтээн байгуулалтыг 2027 оны наймдугаар сарын 15-нд дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Харин тоноглол, камержуулалтын системийг 2028 оны наймдугаар сарын 15 гэхэд бүрэн хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна” хэмээн Б.Одбаяр онцоллоо.
Бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр Хонгконгийн “ХаоЮань групп” компани ажиллаж байгаа бөгөөд тус компанийн төслийн зөвлөх Б.Даваасүрэн “Замын зураг төслийн ажил бүрэн баталгаажсан. Эхлэл болон төгсгөл цэгээс трассын дагуу түр зам тавих ажил үргэлжилж байна. Мөн гурван байршилд төслийн гүйцэтгэгчийн кемпийн барилга баригдаж байгаа бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын 15 гэхэд бүрэн ажиллагаанд оруулах төлөвлөгөөтэй. Энэ онд бүтээн байгуулалтын удирдлагын түвшинд 30–40 хүн ажиллаж байгаа бол ирэх онд 1000–1500 орчим хүн уг төсөлд ажиллана гэсэн тооцоо гарсан” хэмээн мэдээлэв.
Газар чөлөөлөлтийн ажил ч мөн эрчимтэй үргэлжилж байна. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх II хэлтсийн дүүрэг хариуцсан зохион байгуулагч Ш.Амартайван “Туулын хурдны замын трасст өртөж буй нийт 132 нэгж талбарын эхний ээлжийн 22-д газар дүйцүүлэн олгож, чөлөөлсөн. Үлдсэн талбаруудтай зөвшилцөх ажил үргэлжилж байна” гэв.
Туулын хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын авто замын ачаалалд мэдэгдэхүйц өөрчлөлт гарах тооцоотой. Судалгаагаар Наадамчдын өргөн чөлөөний ачаалал 15–30 хувь, Энхтайваны өргөн чөлөөний ачаалал 11–25 хувь, Чингисийн өргөн чөлөөний ачаалал 10–25 хувь, Сонсголонгийн гудамжны ачаалал 5–17 хувиар буурах боломжтой гэж үзжээ. Мөн замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэж, урсгалын тэнцвэр сайжирна.
Ачаа тээврийн урсгал төвийн замаар дайрах шаардлагагүй болж, орон сууцны бүсийн агаарын бохирдол, дуу чимээ багасах нь хотын иргэдийн амьдрах орчны чанарт эерэгээр нөлөөлнө. Үүнээс гадна түгжрэл буурч, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбар шинэ түвшинд хүрч, хөрөнгө оруулалт татах, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж албаныхан онцолж байна.