ИХ БРИТАНИ 16 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ НИЙГМИЙН СҮЛЖЭЭ АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО

ДИЖИТАЛ ХӨГЖИЛ

Их Британийн Ерөнхий сайд Стармер 16 хүртэлх насны хүүхдүүдийг TikTok, Instagram, X зэрэг нийгмийн сүлжээний томоохон платформ ашиглахыг хориглох өргөн хүрээтэй бодлого зарлахаар болжээ. Засгийн газар уг арга хэмжээг Австралийн загвараас илүү хатуу буюу “Австрали нэмэх” хувилбар хэмээн тодорхойлж байна. Шинэ зохицуулалтаар хүүхдүүдийг нийгмийн сүлжээний үндсэн платформуудаас бүрэн хязгаарлахаас гадна тоглоом, зурвас солилцох зэрэг хоригт шууд хамрагдаагүй үйлчилгээнд танихгүй хүнтэй харилцах боломж, байршил хуваалцах, өөрөө устдаг зурвас зэрэг үйлдлийг хязгаарлахаар төлөвлөжээ. Мөн 18 хүртэлх насныхныг шөнийн цагаар тасралтгүй контент гүйлгэн үзэхээс сэргийлэх зохицуулалт нэвтрүүлэх юм. Түүнчлэн насанд хүрээгүй хүмүүсийг хайр дурлал, бэлгийн харилцааны агуулгатай хиймэл оюуны харилцан ярианы систем ашиглахыг хориглохоор тусгасан байна.

Засгийн газрын зөвлөлдөх ажиллагаанд оролцсон эцэг, эхчүүдийн 90 хувь нь нийгмийн сүлжээ ашиглах доод насыг 16 болгохыг дэмжжээ.

Гэвч нас баталгаажуулах аргыг хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд платформууд нүүр царай таних технологи, иргэний үнэмлэх, банкны мэдээлэл ашиглаж болзошгүй бөгөөд энэ нь хувийн мэдээллийн нууцлалын талаар маргаан үүсгэжээ.

Холбоотой