НИЙГМИЙН СҮЛЖЭЭ МЭДЭЭЛЛИЙН ГОЛ ЭХ СУРВАЛЖ БОЛЖЭЭ

НИЙГМИЙН СҮЛЖЭЭ МЭДЭЭЛЛИЙН ГОЛ ЭХ СУРВАЛЖ БОЛЖЭЭ

Оксфордын их сургуулийн “Digital News Report” судалгаагаар нийгмийн сүлжээ дэлхийн хэмжээнд анх удаа уламжлалт хэвлэл мэдээллийг давж, мэдээлэл авах гол эх сурвалж болсон байна. Судалгаанд оролцогчдын 54 хувь нь өнгөрсөн долоо хоногт мэдээ мэдээллийг нийгмийн сүлжээгээр авсан гэж хариулсан бол телевиз, радио, мэдээллийн цахим хуудас зэрэг уламжлалт эх сурвалж ашигласан хувь 51 байв. Дэлхийн хэмжээнд оролцогчдын 30 хувь нь нийгмийн сүлжээ болон дүрс бичлэгийн платформыг мэдээллийн үндсэн эх сурвалжаа гэж үзсэн нь 2020 оныхоос найман нэгж хувиар өссөн байна.

Их Британи, Герман, Швед, Финланд, Австри, Нидерланд зэрэг зарим оронд уламжлалт хэвлэл мэдээлэл давамгай хэвээр байна. Эдгээр улсад хэвлэл мэдээллийн байгууллагад итгэх итгэл харьцангуй өндөр бөгөөд нийгмийн сүлжээ хэрэглэгчид ч баталгаатай мэдээллийн байгууллагын сувгийг түлхүү ашигладаг аж.

Судалгаанд оролцогчдын 10 хувь нь хиймэл оюуныг мэдээллийн эх сурвалж болгон ашигласан гэж хариулсан бөгөөд Google-ийн хайлтын системд хиймэл оюуны горим нэвтэрч буй нь цаашид мэдээллийн хэрэглээг өөрчилж болзошгүй гэж тайланд дурджээ.

Холбоотой