Замын хөдөлгөөнд AI хяналт нэвтрүүлсэн нь эерэг үр дүн үзүүлж байна
НЗДТГ 2026.01.01-ний өдрөөс хиймэл оюун ухаан буюу AI хяналтыг хэрэгжүүлж эхэлсэн нь үр дүнгээ өгч, эерэг үзүүлэлтүүд гарч эхэллээ. Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад нэвтрүүлснээр замын хөдөлгөөний зохион байгуулалт сайжирч, уулзварын нэвтрүүлэх чадвар мэдэгдэхүйц нэмэгдсэн эерэг үр дүн гарч байна.
Өмнө нь жолооч нар эгнээ байр солих, замын хөдөлгөөний дүрэм зөрчин зохиомол түгжрэл үүсгэдэг байсан бол хиймэл оюун ухааны хяналт хэрэгжсэнээр дээрх асуудал шийдэгдэж, жолооч нар ч замын хөдөлгөөнд дүрмээрээ оролцох болсон аж. Мөн замын түгжрэл тодорхой хувиар буурч, гэнэтийн аюул, ослын дуудлага ч багассан гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн байна. Өмнө нь өдөрт дунджаар 74 мянга гаруй зөрчил бүртгэгддэг байсан бол ухаалаг систем нэвтэрснээр өдөрт 1000–4000 орчим зөрчилд “Шалгаж байна” гэсэн мэдэгдлийг жолооч нарт илгээж байна.
Харин иргэдийн зүгээс хиймэл оюун ухааны хяналтыг хэрэгжүүлсэн нь жолооч болон зорчигчдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг хамгаалсан төрөөс хэрэгжүүлсэн зөв шийдвэр гэдгийг онцолсон байна.
Б.Тэмүүлэн
