МАЛАЙЗ УЛСЫН ХАМГИЙН БАЯН ХҮНИЙ НЭГ РОБЕРТ КУОКИЙН ХҮҮХДҮҮД СОНГУУЛИЙН ХУУЛЬ БУС ХАНДИВ Э.БОЛОРМААД ӨГСӨН ҮҮ
2024 оны Улсын Их Хурлын сонгуульд Баруун бүсээс нэр дэвшиж, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон залуу улс төрч Энхбатын Болормаа сонгуулийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн асуудалд холбогдоод байгаа билээ. Э.Болормаа нь гадаадын хөрөнгө оруулалттай этгээдээс сонгуулийн хандив авсан нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль зөрчсөн бөгөөд холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн билээ. Одоогоор энэхүү хууль зөрчсөн гэх үйлдэлтэй холбогдуулж Э.Болормааг яллагдагчаар татсан эсэх нь тодорхойгүй байна.
Улсын Их Хурлын гишүүнд хууль зөрчиж хандив өгсөн асуудалд орсон гадаадын хөрөнгө оруулалттай компани нь Ханбогд Эксплорэйшн ХХК бөгөөд улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сангийн бүртгэлд тусгаснаар цорын ганц хувьцаа эзэмшигч нь Кью-Жи-Экс Холдингс Лимитед (QGX Holdings Limited) гэх компани байна. Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын нээлттэй сангаас хайж үзэхэд Кью-Жи-Экс Холдингс Лимитед (Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад бүртгэлтэй гэх) нь хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн огноо 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр буюу 2024 оны сонгуулийн дараа байх бөгөөд энэ өдөр хувьцаа эзэмшигч бодитоор өөрчлөгдсөн эсэх нь тодорхойгүй байна. Кью-Жи-Экс Холдингс Лимитед компанийн талаар хайлт хийж үзэхэд Их Британийн далайн чанад дахь нутаг дэвсгэр болох Кэймэн арлуудад бүртгэлтэй байх магадлал өндөр байна. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Компанийн бүртгэлийн газрын цахим санд хайлт хийхэд Кью-Жи-Экс Холдингс Лимитед нэртэй компани олдоогүй бөгөөд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын 2024 оны тайланд Ханбогд Эксплорэйшн ХХК-ийн эцсийн өмчлөгч болох толгой компани нь Күүк арлууд болон Кэймэн арлуудад бүртгэлтэй Керри Групп Лимитед компани гэж дурджээ.
Үүнээс харахад Кью-Жи-Экс Холдингс Лимитед компани нь Керри Группийн охин компани буюу хамааралтай этгээд болох нь тодорхой байх бөгөөд Керри Групп нь монголын уул уурхайн салбарт 2008 оноос хөрөнгө оруулалт хийж эхэлжээ. БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс болох Хонг Конгт голчлон үйл ажиллагаа явуулдаг Керри Групп нь Малайз улсын хамгийн баян хүн гэгддэг, тэрбумтан Роберт Куокийн хяналтад байдаг Куок Группийн хамаарал бүхий компани билээ. Керри Групп нь үл хөдлөх хөрөнгө, зочид буудал гээд олон салбар хамарсан үйл ажиллагааг эрхэлдэг. Түүнчлэн, Керри Групп нь Монгол Улсын томоохон групп компани болох М Си Эс Группийн бизнесийн түнш, хамтрагч бөгөөд уул уурхай, зочид буудлын үйл ажиллагаа эрхэлдэг хэд хэдэн компанид хамтарч хөрөнгө оруулалт хийж байжээ. Тухайлбал, 2008 онд өөрийн шууд бус охин компани болох Монголиа Холдингс Корпорейшн компаниар дамжуулан Кью-Жи-Экс компанийн нийт хувьцааны 90%-ийг 259 сая ам.доллароор худалдан авах хэлцлийг Керри Майнинг хийхэд Ми Си Эс Минералс компани Монголиа Холдингс Корпорейшн компанийн нийт гаргасан хувьцааны 10%-ийг эзэмшдэг байжээ. М Си Эс Минералс компанийн 51%-ийг Жамбалжамцын Оджаргал, үлдэгдэл 49%-ийг М Си Эс Холдинг ХХК нар тус тус эзэмшиж байсан байна.
Түүнчлэн, стратегийн ач холбогдол бүхий Таван толгойн нүүрсний орд газрын нэг хэсэг болох сайн чанарын коксжих нүүрсний нөөцтэй “Ухаа худаг” ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг Энержи Ресурс ХХК-д Керри Групп хөрөнгө оруулалт хийж байжээ. М Си Эс групп Энержи Ресурс компанийн гаргасан хувьцааны дийлэнхийг эзэмшиж байсан билээ. 2010 оны 10 дугаар сард Энержи Ресурс ХХК-ийн толгой компани болох, Кэймэн арлуудад үүсгэн байгуулагдсан Монголиан Майнинг Корпорейшн компани хувьцаагаа Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр олон нийтэд санал болгож, 650 сая ам.доллар босгосны дараа, М Си Эс Групп тус компанид 44% эзэмшиж байсан бөгөөд Керри Майнинг компани 8.1%-ийг эзэмшиж байжээ. Монголиан Майнинг Корпорейшн компани Хонг Конгийн хөрөнгийн биржээс босгосон 650 сая ам.долларын ихэнх хэсгийг буюу 464 сая ам.долларыг Өмнөговь аймагт байрлах Баруун нарангийн коксжих нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг Кью-Жи-Экс Коал компанийн хувьцааг Керри Группээс худалдаж авахад зарцуулж байжээ. Кью-Жи-Экс компанийг 2008 онд худалдаж 200 гаруй сая ам.доллароор худалдаж авч байсан Керри Групп 3 жил хүрэхгүй хугацааны дараа тус компанийн эзэмшиж байсан Баруун нарангийн нүүрсний ордын тусгай зөвшөөрөлтэй холбогдох хэсгийг буюу Кью-Жи-Экс Коал компанийг 464 сая ам.доллароор худалдаж байсан гэхээр маш ашигтай хэлцэл хийж анх оруулсан хөрөнгө оруулалтаа хоёр дахин нэмэгдүүлж нөхсөн байна. Энэ нь тухайн үедээ маш ашигтай хэлцэлд тооцогдож байжээ. Ми Си Эс компани харилцан хамааралтай этгээдээс буюу Керри Группээс Баруун нарангийн нүүрсний уурхайг худалдаж авахад Хонг Конгийн хөрөнгийг бирж дээр босгосон мөнгөө зарцуулсан нь мөн сонирхол татаж байгаа юм.
Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын цахим сан дахь мэдээллээс харахад Ханбогд Эксплорэйшн ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр дараах хувь хүмүүс бүртгэгджээ. Үүнд: (1) Куок Хуй Квонг (Kuok Hui Kwong); (2) Куок Хоон Чен (Kuok Khoon Chen); (3) Куок Хоон Еан (Kuok Khoon Ean); (4) Куок Хоон Хо (Kuok Khoon Ho); болон (5) Куок Хоон Хуа (Kuok Khoon Hua).
Эдгээр хувь хүмүүс нь 13 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэгддэг, “Элчин чихрийн хаан” хочтой, Малайз улсын хамгийн баян хүн болох Роберт Куокийн хүүхдүүд, төрөл садан байгаа юм. Монгол Улсад хувь эзэмшдэг компани нь хууль бус сонгуулийн хандив өгсөн асуудалд орооцолдоод байгаа учраас Малайз улсын хамгийн баян хүний хүүхдүүдийн талаар судалж үзэхэд эдгээр нь бүгд өөрсдийн компанид удирдах албан тушаал хашдаг байна. Тухайлбал, Куок Хуй Квонг нь Роберт Куокийн охин бөгөөд Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Шангри-ла Азиа Лимитед компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажилладаг. Улаанбаатар хотод үйл ажиллаага явуулдаг Шангри-ла зочид буудлыг М Си Эс компанитай хамтран эзэмшдэг. Куок Хоон Чен нь Роберт Куокийн том хүү бөгөөд Керри Холдингс Лимитед компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажилладаг. Куок Хоон Эан нь мөн Роберт Куокийн хүү бөгөөд гэр бүлийн бизнесийн өдөр тутмын менежментийг хариуцдаг байна. Куок Хоон Хуа нь Роберт Куокийн хүү бөгөөд Керри Пропертийз Лимитед гэх мэт Керри Группийн хамааралтай компаниудад удирдах албан тушаал хашдаг байна. Куок Хоон Хо-гийн талаар нээлттэй эх сурвалжаас мэдээлэл орж чадаагүй болно.
Дээрхээс дүгнэхэд 2008 онд Керри Майнинг худалдан авч байсан Кью-Жи Экс Лимитед компани Хангад Эксплорэйшн ХХК-ийг 100% эзэмшдэг байна. Азийн хамгийн баян хүмүүсийн нэгт тооцогддог Роберт Куокийн хүүхдүүд тус компанийн эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байх бөгөөд хөрөнгө оруулсан компани нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон Э.Болормаад сонгуулийн хандив өгөхийг зөвшөөрсөн эсэх, цаашлаад энэ асуудлын талаар мэдэж байгаа эсэх нь сонирхол татаж байна. Хэрэв сонгуулийн хандив өгөх зөвшөөрлийг компанид олгосон бол Азидаа хөрөнгөөрөө толгой цохидог эдгээр хүмүүс яагаад хууль зөрчин байж, гадаадын хөрөнгө оруулалттай компаниар дамжуулан залуу улс төрч эмэгтэйн хандивын дансанд мөнгө шилжүүлж, Монголын улс төрд орооцолдох болов гэдэг яалт ч үгүй нягтлах шаардлагатай, сонирхолтой асуудал юм. Монгол дахь бизнес хамтрагч болох М Си Эс группийн жишгээр буюу захиалгаар хандив өгсөн байхыг ч үгүйсгэхгүй юм. М Си Эс Групп нь 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үеэр олон нэр дэвшигчид, улс төрийн намуудад хандив өгсөн билээ. Эдгээр хандивыг Керри Майнинг компани 7%-ийн хувьцаа эзэмшдэг Монголиан Майнинг Корпорэйшн компанийн монгол дахь охин компаниудаар дамжуулан олгосон байдаг. Цаашид Хангад Эксплорэйшн ХХК хууль зөрчиж хандив өгсөн гэх асуудал үргэлжлүүлэн шалгагдахаар байгаа бөгөөд хариуцлага хүлээх эсэх нь холбогдох журмын дагуу шийдэгдэх бизээ. Монгол Улсын холбогдох хууль тогтоомжоор гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчид нь хууль бус сонгуулийн хандив өгсөн асуудлаар хариуцлага хүлээх эсэх нь тодорхойгүй бөгөөд Роберт Куокийн хүүхдүүд гэрчээр дуудагдах эсэх, цаашлаад хариуцлага хүлээх эсэх нь мөн тодорхойгүй байна.
Хонг Конгийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй, Ухаа худаг, Баруун нарангийн нүүрсний уурхайг ажиллуулдаг Монголиан Майнинг Корпорэйшн компани монгол дахь охин компаниудаараа дамжуулж 2024 онд сонгуулийн хандив хэрхэн, ямар хэмжээгээр өгсөн болон энэ нь хууль зөрчиж буй эсэх талаар талаар сонирхолтой нийтлэлийг удахгүй хүргэх болно.
М.Баавар





