СҮ.БАТБОЛД, ХҮҮ Б.БАТТҮШИГ НАР АНУ-ЫН НЬЮ-ЙОРК ХОТ ДАХЬ ХӨРӨНГӨӨ ХУРААЛГАХГҮЙН ТУЛД 3 САЯ АМ.ДОЛЛАР ЗАРЦУУЛААД БАЙНА.

ЕРӨНХИЙ САЙД

2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсын Хууль зүйн яамнаас Монгол Улсын ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд, түүний хүү Б.Баттүшиг болон холбогдох компаниудын эсрэг иргэний нэхэмжлэх гаргаснаа мэдэгдэж байсан билээ. Энэхүү нэхэмжлэлийн дагуу Сү.Батболдын хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр бүртгэлтэй Нью-Йорк хотын Зүүн 61 дүгээр гудамж 21 хаяг болон Баруун 56 дугаар гудамж 230 хаягт орших тансаг зэрэглэлийн хоёр орон сууцыг хурааж, АНУ-ын засгийн газрын орлого болгох нэхэмжлэл гаргажээ.

Google Maps street view of The Carlton House in midtown Manhattan

Нэхэмжлэлд эдгээр тансаг зэрэглэлийн үл хөдлөх эд хөрөнгийг тухайн үед Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан Сү.Батболдын өгсөн чиглэлийн дагуу хууль зөрчиж байгуулсан зэсийн баяжмал (төрийн өмчит Эрдэнэт уулын байжуулах үйлдвэрийн) худалдах гэрээний ашгаар буюу мөнгө угаах зорилгоор худалдан авсан гэж дурджээ. Тодруулвал, Сү.Батболдыг ерөнхий сайдаар ажиллаж байх үед уул уурхайн ямар ч туршлагагүй, санхүүгийн болон ложистикийн чадавхгүй Катрисон хэмээх компанид 68 сая ам.долларын өртөг бүхий зэсийн баяжмал худалдах гэрээ хийх зөвшөөрлийг хууль зөрчиж олгосон байна. Энэхүү Катрисон компани ганц захирал томилсон байсан бөгөөд тэр нь хэл шинжлэлийн мэргэжилтэй, уул уурхайн салбарын ямар ч туршлагагүй хүн байжээ. АНУ-ын Холбооны мөрдөх товчооны олж тогтоосноор тус компанийг Сү.Батболдын хамаарал бүхий этгээдүүд эзэмшдэг байна. Цаашлаад, Монгол Улсад хууль зөрчиж, албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн, өөртөө давуу байдал бий болгож, хууль бусаар олсон орлогоо Нью-Йорк хот дахь тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө болгон хувиргаж мөнгө угаасан байх үндэслэлтэйг дурдан нэхэмжлэл гаргасан байна.

Photo: BBC

Тэгвэл энэхүү нэхэмжлэлийн эсрэг буюу холбогдох үл хөдлөх эд хөрөнгүүдийг АНУ-д хураалгахгүй байх зорилгоор Сү.Батболд, түүний хүү болон хамааралтай компаниуд болох Алтай Холдинг ХХК, Скай Хайпермаркет ХХК нар нь Гибсон, Данн болон Кратчер (Gibson, Dunn and Crutcher) нэртэй олон улсын хуулийн фирмийг 2024 оны 7 дугаар сард хөлсөлж, урьдчилгаа төлбөр болох 900,000 ам.долларыг Алтай Холдинг ХХК-иас шилжүүлжээ. Цаашлаад энэхүү өмгөөллийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор улс төрийн стратегич, Нью-Йорк хотын захирагч байсан Майкл Блүүмбэргийн сонгуулийн штабын менежерээр ажиллаж байсан Бредли Таскийн үүсгэн байгуулсан улс төрийн лобби компани болох Таск Стратеги (Tusk Strategies) компанитай 2024 оны 8 дугаар сард хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээний сарын төлбөр нь 125,000 ам.доллар байхаар тохиролцсон байна. Түүнчлэн, Гибсон Данн болон Таск Стратеги компанийн зөвлөх үйлчилгээний үр дүнтэй байдлыг хангах зорилгоор хэвлэл, олон нийттэй харилцах чиглэлээр мэргэшсэн Би Жи Ар Групп (BGR Group) компанитай сарын 100,000 ам.долларын хөлстэй хамтран ажиллах гэрээг 2025 оны 2 дугаар сард байгуулсан байна. Эдгээр гэрээнүүдээс харахад Сү.Батболд Нью-Йорк дахь тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгүүдээ АНУ-ын засгийн газарт хураалгахгүйн тулд өмгөөлөл, олон нийттэй харилцах зөвлөх үйлчилгээнд хамгийн багадаа 3 сая ам.доллар буюу 10 тэрбум орчим төгрөгийг зарцуулсан байна.

Өмгөөллийн үйл ажиллагааны зардал ороогүй зөвхөн олон нийттэй харилцах, лоббитой холбогдох зөвлөх үйлчилгээний зардал нэг сард 225,000 ам.доллар зарцуулсан нь ерөнхий боловсролын сургуулийн 500 багшийн сарын дундаж цалинтай тэнцэж байна.

 

 

 

М.Баавар