МОНГОЛЫН УЛС ТӨРЧИД УХААЛАГ ШИЙДЛИЙН ЭСРЭГ БАЙНА УУ?

ХҮНИЙ ЭРХЭРҮҮЛ МЭНД

“21 насанд хүрээгүй хүнд тамхи худалдахыг хориглоно”, “ЕБС-аас 500 метрийн радиуст тамхи зарахыг хориглоно” гэх мэт зохицуулалтыг хуульчлах амархан ч амьдрал дээр хэрэгжүүлэхэд тун хүндрэлтэй байна. Худалдагчийн танил тал, гуйлтанд автах, орлогоо бодох зэрэг хүний хүчин зүйлсээс шалтгаалан хууль үл хэрэгжиж, борлуулалт кассын машинд бүртгэгдэхгүй, татвар төлөгдөхгүй хэвээр байна. УИХ-ын дарга Н.Учралын хэлсэнчлэн “хэрэгждэггүй хууль байснаас байгаагүй нь дээр”.

Хүн төрөлхтөн түүхийн турш хүний субъектив шийдвэрээс хамаарах эрсдэлтэй үйл ажиллагааг хууль, системээр хязгаарлахыг эрмэлзэж ирсэн. Өнөө үед хиймэл оюун, ухаалаг технологи хүний оролцоогүйгээр хязгаарлалттай барааг хуульд нийцүүлэн борлуулах бодит шийдэл болж байна.

Түүний нэг нь ухаалаг борлуулалтын шүүгээ (vending machine) юм. Энэхүү систем нь:

· Тусгай аппликейшнээр ашиглагдах бөгөөд 21 нас хүрээгүй иргэнийг бүртгэхгүй;

· Тунгалаг бус хаалгатай тул тамхи ил харагдахгүй;

· Тамхи борлуулах тусгай зөвшөөрөлтэй цэгүүдэд л байрлана.

Апп-д бүртгэлтэй хэрэглэгч өөрийгөө таньмагц шүүгээ нээгдэж, хиймэл оюунд суурилсан камержуулалт авч буй барааг автоматаар бүртгэнэ. Хаалга хаагдсаны дараа тооцоог гаргаж, хэрэглэгчийн цахим хэтэвч эсвэл Apple Pay, Google Pay, банкны системтэй уялдсан данснаас төлбөрийг суутгана. Бэлэн мөнгө авахгүй тул “гуйлгаж авахуулах”, өөрийн оронд хүн явуулах боломж үндсэндээ хаагдана.

Энэхүү технологи нь зөвхөн тамхи бус архи, пиво, цахилгаан тамхи, садар самуун агуулгатай бүтээгдэхүүн, хориглосон эм зэрэг насанд хүрээгүй хүнд худалдахыг хориглосон бүх төрлийн бараанд дэлхий даяар ашиглагдаж байна. Ингэснээр:

· Хууль бодитоор, үл хамаарах хэлбэрээр хэрэгжинэ;

· Худалдаачны хүний алдаа, дарамт, хариуцлагын эрсдэл буурна;

· Хүүхдийг хорт зуршлаас илүү үр дүнтэй хамгаална;

· Төрийн хяналт, цагдаагийн оролцооны зардал эрс багасна.

Гэсэн хэдий ч УИХ-д хэлэлцэж буй Тамхины хяналтын тухай хуулийн төсөлд ийм төрлийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар ямар нэг заалт тусгагдаагүй нь эргэлзээ төрүүлж байна. Нэг талаас хууль чангаруулж байгаа мэт ярьж, нөгөө талаас амьдрал дээр хэрэгжих бодит, ухаалаг шийдлийг үл тоож буй нь улс төрийн шоу юу, үнэхээр хүүхдийг тамхинаас хамгаалах чин хүсэл үү гэсэн асуултыг зайлшгүй тавихад хүргэж байна.

Холбоотой