ГЕРОИНООС 250 ДАХИН ХҮЧТЭЙ “НИТАЗЕН”:МОНГОЛ УЛСАД ЭРСДЭЛ ДАГУУЛАХ БОЛОМЖТОЙ
Дэлхий дахинд мансууруулах бодисын аюул эрчимтэй нэмэгдэж, фентанилаас хэд дахин хүчтэй "НИТАЗЕН" хэмээх шинэ төрлийн синтетик мансууруулах бодис Европ, АНУ-д тархаж эхэллээ. Нитазенууд нь фентанилаас 5 дахин, героиноос 50–250 дахин хүчтэй бөгөөд бага тунгаар ч үхэлд хүргэх аюултай. Гол төлөв Хятадаас нийлүүлэгдэж буй энэ бодисыг бусад төрлийн мансууруулах бодистой хольж хэрэглэж байгаа нь аюулын хэмжээг улам нэмэгдүүлж байна.
Нитазеныг ихэвчлэн Хятадын далд лабораториудад үйлдвэрлэж, онлайн худалдааны сүлжээгээр дамжуулан олон улсад хууль бусаар борлуулдаг байна. Монгол Улсын хувьд Хятадтай хил залгаа байршилтай, худалдааны эргэлт өндөртэй тул нитазен зэрэг аюултай бодис хил дамнан нууцаар орж ирэх эрсдэл өндөр байна.
Сүүлийн жилүүдэд мансууруулах бодисын хэрэглээ, тархалт Монголд хурдацтай нэмэгдэж, ялангуяа залуусын дунд хяналтгүй тархаж байна. Харамсалтай нь мансууруулах бодистой холбоотой зөрчилд нэр бүхий бизнес эрхлэгчдийн хүүхдүүдийн нэр холбогдож эхлээд байна.
Нийгмийн бодит жишээ — ил тод эрсдэл
Хүн зодуулсны зэрэгцээ мансууралттай холбоотой сэжигтэй асуудал илэрсэн нь олон нийтийг цочроосон.
Хэргийг шалгахаар цагдаагийн байгууллагаас туршилт хийсэн бөгөөд Ц. Цэрэнпунцагийн хүү (28 настай Санжаачойпэл), Б. Эрдэнэбатын хүү (29 настай Тэмүүлэн), мөн “Таван Богд” группын захирал Ц.Баатарсайханы хүү Б. Амарсайхан нар нь биологийн шинжилгээгээр мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй нь мөрдөн шалгалтаар тогтоогдож байна
Энэ явдал нь нийгмийн дээд давхаргад ч мансууруулах бодисын хэрэглээ нэвтэрснийг харуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагыг илүү тод болгож байна.
Нитазен зэрэг хэт хүчтэй бодис Монгол Улсад орж ирвэл, энэ нь асар богино хугацаанд ноцтой эрсдэл үүсгэх аюултай. Учир нь эдгээр бодис нь тун багатай үед ч үхэлд хүргэх чадвартай тул хэрэглэгчид үүнийг мэдэлгүй хэрэглэх тохиолдолд амь насаа алдах эрсдэл их.
Монгол Улсын хууль сахиулах байгууллагууд хилээр нэвтрүүлэх бараанд хяналт шалгалтыг улам сайжруулж, мансууруулах бодисын талаарх олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн энэ төрлийн бодисоос урьдчилан сэргийлэх ажлыг ялангуяа залуу үе, өсвөр насныханд чиглүүлэн өргөн хүрээтэй сургалт, сурталчилгаа зохион байгуулах зайлшгүй шаардлагатай.
Шинэ үеийн синтетик мансууруулах бодисын аюул дэлхийн хэмжээнд тэлж буй энэ үед Монгол Улс цаг алдалгүй арга хэмжээ авч, хяналт, урьдчилан сэргийлэлтээ чангатгах нь нэн чухал юм.
Энэхүү нийтлэлд WSJ ийн мэдээлэл ашигласан болно.


