РИО ТИНТО МОНГОЛЫН ТАЛЫГ ХҮЧГҮЙДҮҮЛЭХ ЗОРИЛГООР МАХЧИН ЗАГАСНЫ НЭРТЭЙ ПИАР КАМПАНИТ АЖЛЫГ ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮҮ?

БУСАД

Оюутолгой төсөлтэй холбогдох нээлттэй сонсголыг ирэх долоо хоногт буюу 2025 оны 12 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд Улсын Их Хурлын түр хорооноос зохион байгуулах тов гараад байна. Нээлттэй сонсгол Оюутолгой төсөлтэй холбогдох хоёр үндсэн сэдвийн хүрээнд нотлох баримтыг шинжлэн судалж, гэрчүүдээс мэдээлэл авахаар төлөвлөжээ. Үүнд: (1) Рио Тинто компаниас Оюутолгой ХХК-д олгосон хувьцаа эзэшмшигчийн зээл, түүний хүү болон (2) Оюутолгой ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрөлтэй талбайтай залгаа байрлах Онтре компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрөлтэй талбайтай холбогдох асуудал. Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор дээрх хоёр сэдвийн хүрээнд байгуулагдсан хянан шалгах түр хорооноос нээлттэй сонсголыг зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд тус түр хорооны ажлын үр дүн, Оюутолгой төслийн талаар олон нийт нээлттэй мэдээлэл авах боломж бүрдэнэ. 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдөр тус хянан шалгах түр хорооны даргаар томилогдсон Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал urug.mn мэдээллийн сайтад ярилцлага өгч, нээлттэй сонсголын цар хүрээ, хэлэлцэх асуудлын талаар дэлгэрэнгүй ярилцжээ. Нээлттэй сонсголын хүрээнд Оюутолгой төсөлтэй холбоотой олон баримт, мэдээлэл ил болох хүлээлттэй байгаа талаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал дурджээ.

Тухайлбал, ярилцлагад дурдагдсан нэг сонирхолтой асуудал нь Рио Тинто компани Оюутолгой төсөлтэй холбогдуулж Хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээ нэртэй баримт бичгийг хамгаалах зорилгоор стратеги, олон нийттэй харилцах чиглэлээр “Барракуда” нэртэй төслийг 2018 онд хэрэгжүүлсэн гэжээ. “Барракуда” гэдэг нь загас иддэг махчин загас болохыг дурдаад, Оюутолгой төсөлтэй холбогдох асуудлаар Улсын Их Хурлын ажлын хэсэг 2018 онд байгуулагдан ажиллаж байсныг тэрээр ярилцлагадаа онцолсон байна.  УИХ-ын гишүүн О.Батнайрамдалын хэлснээр Оюутолгой ХХК-ийн хувьцаа эзэмшигч Туркойс Хилл компанийн жижиг хувьцаа эзэмшигчид Рио Тинто компанийн эсрэг АНУ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл, холбогдох баримт бичигт “Барракуда” төслийн талаар дурдсан байжээ. Оюутолгой төсөлтэй холбогдох Хөрөнгө оруулалтын гэрээ, Дубайн гэрээ болон бусад асуудлыг шалгах чиглэлээр байгуулагдсан Улсын Их Хурлын Ажлын хэсэг, Засгийн газрын үйл ажиллагааны үр дүнг сулруулах, хүчгүйдүүлэх зорилгоор “Барракуда” гэх төслийг хэрэгжүүлсэн гэж тайлбарлажээ. Үүнээс харахад “Барракуда” төсөл нь Оюутолгой төсөлтэй холбогдох Дубайн гэрээ болон бусад нөхцөлийг эргэн харах, дахин хэлэлцээр хийх эрсдэлийг бууруулах болон олон нийттэй харилцах стратегийг тодорхойлоход чиглэсэн байж болзошгүй байна.

Монгол Улс болон Оюутолгой төсөлтэй холбоотой олон нийттэй харилцах чиглэлд хэрэгжүүлсэн төслийг “Барракуда” гэж нэрлэсэн нь мэдээж хачирхалтай бөгөөд хувийн тааламжгүй харилцааг илтгэж буй мэт сонсогдохоор байна. Өнгөрсөн жилүүдэд үе үе маргаан үүсэж хурцадмал байдалд ордог Рио Тинто компани болон Монголын талын “хайр-үзэн ядалт” сүлэлдсэн токсик харилцааг егөөдөж ийм нэр өгсөн байхыг ч үгүйсгэхгүй юм. Юутай ч Монгол Улс дахь үйл ажиллагаатай холбогдуулж хэрэгжүүлсэн төслийг “Барракуда” буюу махчин загасны нэрээр нэрлэснийг монголчууд яагаад ч сайнаар хүлээж авахгүй бөгөөд харин ч эгдүүцэл, бухимдал төрүүлж болзошгүй юм. Энэхүү нэр нь нэг бол Монгол Улстай харилцахдаа гаргадаг Рио Тинтогийн хүч түрсэн, дээрэнгүй байдлыг илэрхийлсэн байж болзошгүй эсхүл Монгол Улсыг “идэх” санаархал гэж ч ойлгохуйц сөрөг агуулгатай байгаа юм. Оюутолгой төслөөс Монгол Улсад ирэх үр ашиг анхны хүлээлтэд хүрэхгүй, өгсөн амлалт үнэгүйдэж байгаагаас үүдэж тус төсөлтэй холбоотой иргэдийн шүүмжлэл, сөрөг хандлагыг өөрчлөх зорилгоор олон нийтэд чиглэсэн кампанит ажлыг Рио Тинто компаниас төлөвлөн хэрэгжүүлдэг нь нууц биш нууц болоод удаж байгаа билээ. Ирэх долоо хоногт болох нээлттэй сонсголын үеэр Оюутолгой төсөлтэй холбоотой асуудлын талаар, үүн дотроос ялангуяа “Барракуда” гэх төсөл, Монголын ард түмэнд Оюутолгой төслөөс ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн Монголын талын хүчин чармайлтыг үгүйсгэх, хүчгүйдүүлэх зорилгоор Рио Тинто компаниас өөр ямар арга хэмжээ авсан талаар олон нийт мэдээлэлтэй болох эсэхийг харах л үлдэж байна. Сонсголын үр дүнгээс үл хамаарч бид энэ сэдвийг дахин хөндөх болно. 

М.Баавар